May 07, 2010

Би маргааш явна

Би насаа тоолдоггүй. Гэхдээ л ямарч байсан хоёр оронтой тоогоор илэрхийлэгддэг болоод багагүй хугацаа өнгөрч байгаагаа мэдэрч байна.

Найз гэдэг ойлголтыг мэдэхгүй учираас хэдэн хархтай найзалдагаа бас л мэдэхгүй. Уулаасаа юу ч байхгүй энэ ертөнцөд юу ч юм бүү мэд нэг зүйлийг хайгаад л байдаг эдгээр хархнуудыг би үнэн голоосоо үзэн яддаг.

Хамгийн сонирхолтой нь энэ хархнуудын нэг нь би юм даг. Биеэрээ үүнийг мэдэрч , хамраараа өмхийрсөн үнэрийг нь сорж, нүдээрээ хатингаршсан өрөвдлийн зоволгыг нь харж, чихээрээ уй гасланг нь сонсон өдий нас хүртлээ дунд нь шахалдан чихэлдсэнийг чи лав төсөөлөх биз. Миний сэтгэл илжирч байна.

Би маргааш явна. Ирсэн тэр л орон зайруугаа буцна. Тэнд минь бүх юм, бүр бүх юм бий ч, байхгүй ч. Үнэмлэхүй жаргал чухам тэнд л оршихыг надаас өөр хэнч үл мэднэ. Мэдэхийг хүсэх ч үгүй нь бас жаргал. Тэндээс би хайрыг дайсганалыг, гэрлийг харанхуйг, галыг усыг, ер бүгдийг бас ор үгүйг хүртэх болно.Тэр бол үл мэдрэгдэх ор хоосон бөлгөө.

Хачин л юм.

Гагцхүү орь ганц сэтгэлээ аваад л тийшээгээ би маргааш явна. Юу ч надад саад болохгүй. Надад хэдхэн хором үлдлээ. Түүнийгээ магтан дуулан энэ гачлант өвлийн урт шөнийг хугаслан бичиж хэвтэнэ. Жаргал бус уу?

Энэ ертөнцөд би баярлах хувьтай. Аль бурханы тааллаар юм бүү мэд, ямарч л байсан миний бие, сэтгэл хоер тусдаа оршдог л юм даг.


Энэ дэлхийд багтаагүйдээ,
Эрхэм андуудтай болоогүйдээ,
Эдгээр хархуудад дасаагүйдээ бус
Энд миний хийх зүйл алга байгаад л би шийдчихсэн юм.
Маргааш би явна.



Г.Чингис (ЧИКАГО)

No comments:

Post a Comment