October 15, 2010

ердөө 2 үнээгээр төлөөлүүлэн тухайн нийгмийн онцлогийг гаргасан сонирхолтой хошигнол


Ардчилагчид
Чи хоёр үнээтэй.
Харин хөрш чинь юу ч үгүй
Чи өөрийн азтай байгааг буруу зүйл гэдгийг мэдэрдэг


Бүгд найрамдахчууд
Чи хоёр үнээтэй
Харин хөрш чинь хоосон
Тэгээд юу гэж?


Социалистууд
Чи хоёр үнээтэй
Төр нэгийг нь авч нөгөөг нь хөршид чинь өгнө
Чи хөршийнхөө үхрийг хамтран хэрхэн маллах тухай тохиролцон улмаар хоршоолол үүсгэнэ.


Коммунистууд
Чи хоёр үнээтэй.
Төр чамайг сүүгээр хангахын тулд бүгдийг нь хураана.
Чи сүүгээ авахын тулд эцэс төгсгөлгүй оочирт зогсоно.
Сүү хэдийнэ гашилсан байх бөгөөд бас өндөр үнэтэй байна.


Америк: капиталист загвар
Чи хоёр үнээтэй.
Чи нэгийг нь зарж оронд нь бух худалдаж авснаар үхэр сүрэгтэй болно.


Америк: хүнд сурталт загвар
Чи хоёр үнээтэй.
Засгийн газрын шинэ ферм хөтөлбөрийн хүрээнд нэг үнээг чинь буудаж устгасныхаа төлөө болон нөгөө үнээний чинь сүүнд зохих төлбөрийг төлөх хэдий ч дараагаар нь сүүг шуудуу руу асгана.


Америкийн хэв маяг
Чи хоёр үнээтэй
Нэгийг нь зарах хэрнээ буцааж өөртөө түрээслэн, нөгөөд нь зориулан IPO буюу шинээр хувьцаа гаргахаар зарлана. Хоёр үнээнээсээ 2 дахин илүү сүү гаргуулахаар хүчлэнэ. Эцэстээ нэг үнээ нь эцэж үхэхэд чи гайхаж хоцроно. Шинжээчдэд юу болснийг өгүүлэхэд тэд чамд дордсныг чинь хэлээд зардлаа бууруулахыг зөвөлнө. Улмаар хувьцаа чинь өсч эхлэнэ.


Франц хэв маяг
Чи хоёр үнээтэй
Чи 3 үнээтэй болохыг хүсч байгаа тул ажил хаялт зарлана.
Чи үдийн цайндаа явж, бас дарс шимнэ. Амьдрал үнэхээр жаргалтай.


Япон хэв маяг
Чи хоёр үнээтэй
Тэдгээрийг жирийн үнээнээс 1,5 дахин болгож өөрчлөөд 20 дахин илүү сүү үйлдвэрлэнэ. Үнээнүүд өөрсдийг нь галт тэргээр итгэмээргүй бөөндөн зөөдгийг мэдэж авна. Улмаар тэдний хамгийн шилдгүүдийг үхрийн сургуульд явуулж эхлэнэ.


Герман хэв маяг
Чи хоёр үнээтэй
Тэдгээрийг шаргал өнгөтэй төдийгүй шар айраг ууж улмаар өндөр чанартай сүү өгөхийн зэрэгцээ цагт 100 миль хурдалдаг болгож инженерчлэнэ. Харамсалтай нь тэд жилд 13 долоо хоног амралт авахыг шаардаж эхлэнэ.


Итали хэв маяг
Чи хоёр үнээтэй, гэхдээ тэдгээрийг хаана байгааг үл мэднэ. Үнээгээ эрж орчноо ажиглангаа сайхан хүүхэн олж харна. Үдийн цайндаа завсарлана. Амьдрал сайхан байнаа гэж.


Орос хэв маяг

Чи хоёр үнээтэй
Чамд бас архи бий.
Үнээгээ тоолох үед чамд 5 үнээ байгааг мэдэж авна.
Чамд ахиад архинаасаа хүртэнэ.
Үнээгээ дахин тоолох үед бүр 42 үнээтэйгээ мэдэж авна.
Мафи үүнийг илрүүлж мэдээд, булааж авсан ч чи үнэхээр олон үхэртэй нэгэн.


Талибан хэв маяг
Чиний бүх үхэр Афганстанд байдаг, тэдгээр нь нийт хоёр. Чи сүүг нь авч чаддаггүй учир нь хэн нэгний биеийн аль нэг хэсэгт хамаагүй хүрч болохгүй. Америкийн засгийн газар сүүн бүтээгдэхүүн олох өөр эх үүсвэрт зориулан 40 сая долларын баталгаа гаргаж өгсөн ч тэрхүү мөнгө зэвсэг худалдаж авахад зарцуулдаг.


Ирак хэв маяг
Чи хоёр үнээтэй
Тэд хаа нэгтээ нуугдаж байгаа.
Тэд мөөрөлтөө радио долгионоор дамжуулдаг.


Польш хэв маяг
Чи хоёр бухтай
Ажилчид тэдгээрээс сүүг нь авахаар байнга зэрэмдэглэж улмаар алсан.


Бельги хэв маяг
Чи нэг үнээтэй
Үнээ чинь сэтгэцийн өвчтэй. Заримдаа тэр өөрийгөө франц заримдаа фламанд гэж боддог.
Фламанд үнээ Франц үхэртэй хамт байхыг хүсдэггүй.
Франц үхэр Фламанд үнээний сүүг хяналтандаа байлгахыг хүсдэг.
Үнээ өөрийг нь таллан хуваах зөвшөөрөл хүсдэг.
Үнээ үхэхдээ жаргалтай.


Флорида хэв маяг
Чи хар, бор хоёр үнээтэй.
Аль сайхан харагдаж байгаад нь хүмүүс саналаа өгдөг.
Зарим нь борыг шилдэг хэмээн зориудаар саналаа өгдөг бол нөгөө хэсэг нь хард санамсаргүйгээр саналаа өгдөг. Харин зарим нь хоюуланд нь бүр зарим нь хэнд нь ч өгдөггүй.
Нэг хэсэг нь алинд нь саналаа хэрхэн өгөхөө ч тодорхойлж чаддаггүй. Эцэст нь муж улсаас гадуур хэсэг бүлэг залуус аль сайхан харагдаж байгаа гэж бодох ёстойг чинь хэлээд өгнө.


Калифорни хэв маяг
Чи сая үнээтэй. Тэд калифорний бяслаг хийдэг. Зөвхөн 5 нь англиар ярьдаг. Нилээд хэсэг нь хууль бусаар амьдардаг.
Арнольд Шварцеггер том дэлэнтэй хэн нэгэнд нь дуртай.

October 13, 2010

Би дуртай...


Би танихгүй хүн рүү харахад над дээр туссан харцаа буруулахад дуртай
Харин ичих ч үгүй шалиг инээмсэглэхэд дургүй

Би бүлээн салхи хүзүүн дээр үнсэж үсийг минь илбэхэд дуртай
Харин хог шороотой хамт хормой сэвэлзүүлэх хавсарганд дургүй

Би сүргээрээ бөөгнөрөөд хөхрөлдөх цөөвөр чононуудад дургүй
Харин тэргүүнээ ямагт өргөж ганцаар урагшлах ирвэсэнд дуртай

Би хоёрын хооронд болсон болоогүй жижигхэн ногоон алимнуудад дургүй
Боловсорч гүйцсэн атгасан гарын чинээ шүүслэг улаан алиманд дуртай

Би идэх тусам бялууруулдаг зөгийн баланд дургүй
Шүлс асгарч хэл дарвиганасан ч тэмүүлээд байдаг исгэлэнд дуртай

Би амьд нэртэй ч тансаг цаасны тасархайд ороосон цэцгийн цогцсонд дургүй
Харин навч нэмэх бүртээ найдварыг хамт түгээдэг даруухан тасалгааны ургамалд дуртай

Би үдэш унтахад аялдаг уянгалаг бүүвэйн дуунд дургүй
Харин өглөө сэрээж хараалыг минь иддэг ч сэрүүлэгнийхээ цангинах цовоо дуунд дуртай

Би алтан нар халуун илчээрээ нозооруулж хайлуулахад дургүй
Харин бүүдийсэн хар үүл жавараа илгээж амьд байгааг минь мэдрүүлж алгадаад авахад дуртай

Би бусдын адил зөөлөн шиврэх бороонд алхах дургүй
Мөндөр хаялж аянга цахисан аадар бороонд шалба норж гүйх дуртай.

Би хэд харайж тойроод тэр чинээгээрээ хурдан буудаг дов толгодод дургүй
Харин авирах тусам оргил нь холддог, нэг гарсан бол буумааргүй санагдах мөнх цаст ууланд дуртай

Би нэг үдэш гоёх гэж хүнээс зээлсэн чамин даашинзанд дургүй
Хуучирч элэгдсэн ч биед дасал болсон тэр л хувцсаа орой бүр өмсөх дуртай

Би ертөнцийн өнгө будаг бүрийг харах гэрэл гэгээнд дуртай ч
Бодлоос бусад бүх зүйл уусан алга болж зөвхөн үнэн үлддэг тас харанхуйд бүр илүү дуртай.
Агиймаа О Бүргэд / Аврора.О
2010.05.10

Уруу харж ургасан цэцэг


Намайг унтахад намар дуусч байсан. Сэрээд харахнаа харин хавар болж байх юм. Сэтгэл гэсч амь орохтой нь зэрэгцэн цэцэг дэлгэрч цээжинд минь ургана. Хэзээ суулгасан үр одоо ургана вэ? Хээр талд биш миний зүрхэнд яагаад ургана вэ? Ургахдаа уруу харж ургадаг нь юу вэ? Услах гэхээр хөрс нь дээрээ болохоор яах вэ?

Тансаг үнэр нь биеийг минь нэвтлэн үнэртэх хэдий ч таалая гэхээр биеэн дотор минь болохоор хяслантай. Өнгө ялдам тэр цэцэгээ хайрлахаас өөр би юуг ч эс хийж чадна.
Би чамайг эс танина, хараагүй болохоор эс танина. Чи намайг гэвч танина, биеийг минь сэтгэлээр минь дамжуулж танина. Гэссэн сэтгэл минь чамайг танихгүй. Гэсэн ч чи сэтгэлийг минь сайн танина...

Хайр минь гадагшаа бус дотогшоо урсана. Хаана ч явсан чи миний дотор. Харж чадахгүй ч би чамайг хайрлаж чадна. Үүндээ сэтгэл хангалуун үхсэн ч чадна.

Зөндөө олон цэцэгст би дурлаж явсан, тэднийг услаж явсан, тасдаж явсан. Зөрж, ихэнхийг нь анзаарах ч үгүй өнгөрч явсан. Өнгө өнгийн цэцгэнд даруулж, булуулж явсан. Өнгө өнгөөр нь ялгаад бусдад бэлэглэж ч явсан.

Чамайг харин би нандигнан хайрлах юм. Чангахан хөдөлхөөсөө ч болгоомжлох юм. Услачихаад би уруугаа харж алхана. Ус нь шингэлгүй асгарах вий гэсэн дээ тэр. Яагаад чи уруу харж ургасныг мэдэхгүй юм. Ямар ч байсан чи цорын ганц цэцэг.

Цээжинд минь чи байгаа болохоор амьдрал ямар их утга төгөлдөр юм бэ. Чамд би хөрс болж яваадаа яасан их азтай юм бэ.

Харахнээ харин би нэг л өөр... хачин жигтэй зүйл олж үзэнэ. Халуун сэтгэлийг чинь хараад, хайлан хайлан уйлана. Уруу харж ургасны чинь учрыг урд нь би ойлгоогүй юм. Цэвэр тунгалаг тольны өмнө очиход чи биш би уруу харж амьдарсаар иржээ...

Чи бид хоёр одоо хоюулаа дээш харая даа...

Ингээд бид зөв харна. Одод тэнгэр зөв харна. Оршихуй тэр чигээрээ зөв харна
Хоёр байснаа нэг болно. Чи би гэлгүй нэгдэнэ, цэцэг хүн гэлтгүй ижилсэнэ. Уул ус хад чулуу ч гэсэн угаас би эсвэл чи гэлгүй биелэнэ.
Одоо би хайрлагч биш, хайрлуулагч биш харин өөрөө ХАЙР болжээ...

John Bayar May.5, 2010

Аашилж загнаад ч нэмэргүй


Аашилж загнаад ч нэмэргүй
Аргадаж гуйгаад ч хэрэггүй дээ хонгор минь
Адайр энэ хорвоод би өөрийнхөөрөө үлдмээр байна
Шарласан навчисын гунигийг зүрхэндээ дайж уйлдаг
Шаналсан сэтгэлийн уйг тархиараа мэдэрч гуньдаг
Бусдын төлөө унагаах нулимстай
Бурхны өмнө ч хэлэх үгтэй би өөрийнхөөрөө амьдармаар байна
Зүрх сэтгэлийнхээ чандад далдалж нуусан гунигтай
Зүгээр ч үгүй бас хайрын торонд аргамжаатай
Хээнцэр зан бардам төрхнөөс ангид
Хэтэрхий цайлган,бас хөнгөн дэврүүн өөрийнхөөрөө амьдармаар байна
Чихэр шиг нялуун үг, хэн нэгний амласан жаргалаас алгаа тосон царайчлахгүй
Чимээгүйхэн, эрх чөлөөтэй өөрийнхөөрөө үлдмээр байна