August 15, 2010

Дарангуйлагчдын сонирхолтой түүхээс

Орчин цагт дарангуйлагч гэхээр л хүмүүсийн ой тоонд бусдын амийг хөнөөсөн, дайсан гэсэн сэтгэгдэл төрөх болсон. Тэд дарангуйлагч байсан ч гэлээ бусдын л адил хүн учир, амьдралын жаргал зовлон, баяр хөөрөөр дүүрэн нэгэн байсан. Энэ удаа дарангуйлагчдыг сөрөг талаас нь бус сайн талуудыг нь тусган харуулахыг хичээн сонирхол татахуйц доорх материалыг бэлтгэлээ.

Иди Амин
Иди Амин Дада 1970 оны үед цэргийн эргэлт хийж, Угандагийн Ерөнхийлөгчөөр өөрийгөө зарласан нэгэн. Тэрбээр мэргэжлийн боксын хүнд жингийн аварга байснаас гадна цэргийн дарангуйлагч юм. Тэрбээр 1971 онд Африкийн жижиг улсын төрийн эрхийг гартаа авснаар түүнийг ард түмэн нь баатар хэмээн өргөмжилж байлаа. Удирдагч болсон түүний зан ааш төд удалгүй эвдэрч, өөртөө элдэв янзын цол хэргэм хайрлах болжээ. Түүний өөртөө олгосон зарим цол хэргэмийг дурдвал, Дэлхийн бүх араатан болон далай, тэнгисийн загасны эзэн, Африк дахь Британийн эзэнт гүрний удирдагч, Угандагийн генерал зэрэг олон цол хэргэмтэй байжээ. Энэ бүхэн түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг эрийн нэг болгосон гэж Угандагийн дарангуйлагч өөрөө өөрийгөө хөөргөдөг байна. Түүний хувьд ганцхан цол авч байгаа биш, бүр хааны хэргэмтэй болж хэрэг юм. Гэвч тэрбээр хаан болохыг хүсдэг байсан тухай ам дамжсан яриа байдаг аж. Энэ нь Иди Амин Британийн хатан хаан II Элизабетад хайрын захидал илгээн гэрлэх санал тавьсан гэсэн ярианаас үүдэлтэй гэнэ. Ялангуяа Британийн хатан хаанд хэр барагийн эрд ийм санал тавих санаа огт төрөхгүй болов уу. Энэ яриа үнэн байлаа ч мэдээж хэрэг Элизабета хариу өгөхгүй нь лавтай.
Угандагийн дарангуйлагч Иди Амин амьдралдаа зургаан эмэгтэйтэй гэрлэж байсан бөгөөд тэдний нэг нь өөр эрийн хүүхэд тээсэн учир амь насаа ч алдаж байсан гэх яриа байдаг. Олон эхнэртэй Иди Аминий хүүхдийн тоо бараг 43 хүрчээ. Төрийн эрхнээс бууж, нутгаасаа цөлөгдсөний дараа ч түүний тухай олон яриа гарч байсан бөгөөд тэрбээр дайснуудыхаа махыг иддэг байсан гэсэн яриа хүмүүсийн дунд их таржээ. Энэ яриа нь үнэн эсэхийг одоо ч батлаагүй байгаа.

Адольф Гитлер
Нацистуудын удирдагч Адольф Гитлер дэлхийн түүхэн дэх хамгийн муу нэртэй хүний нэг билээ. Түүнийг олон мянган еврейчүүдийн аминд хүрсэн цуст дарангуйлагч хэмээн үздэг юм.
Нацист Германы удирдагч тэрбээр хошин урлагийг ихээхэн шимтэн сонирхдог байжээ. Тэрбээр Английн инээдмийн жүжигчин Чарли Чаплинийг илүү үнэлдэг байсан аж. Чаплин “Аугаа дарангуйлагч” кинонд Германы удирдагчийг тохуурхсан дүр бүтээсэн ч Гитлер үүнд огт бухимдаагүй гэнэ. Адольф Гитлер хошин урлагийг сонирхдогоос гадна уран зураг зурдаг, цагаан хоолтон байжээ.

Иосиф Сталин

Адольф Гитлерээс илүү олон хүний аминд хүрсэн Зөвлөлтийн дарангуйлагч Иосиф Сталины талаар Өрнөдийнхөн тэрбүр ярьдаггүй. Тэрбээр Зөвлөлт улсыг удирдахдаа их хэлмэгдүүлэлтэд хоёр сая гаруй хүнийг хамруулсан байна. Сталин нь олон хүний аминд хүрсэн ч бусад дарангуйлагчийн адил түүний үйлдсэн гэмт хэргийг тэрбүр ярьдаггүй. Ер нь бол түүний тухай хүмүүс мэдэхгүй олон зүйл байдаг.
Иосиф Сталин бол түүний жинхэнэ нэр биш аж. Түүний жинхэнэ нэр бол Иосиф Виссарионович Жугашвили юм. Тэрбээр улс төрийн ажиллагаанд оролцохдоо гүрж үндэстэн гэдгээ нуух боломжтой болжээ. Зөвлөлтийн төрийн эрхийг гартаа авсны дараа түүний Сталин гэдэг нэр олны танил болжээ. Энэ үед түүнийг “Эцэг Сталин”, “Ард түмний бяцхан эцэг” гэж нэрлэдэг байв. Сталин ердөө 162 см өндөр биетэй байжээ. “Би түүнтэй уулзахдаа нүүр рүү харж ярьж чадсангүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Харри Труман хэлж байжээ. Сталин намхандаа ихээхэн санаа зовдог байсан бөгөөд түүнийг муухай зурсан хүнийг хилс хэрэгт гүтгэн амийг нь хороож байсан ч гэх яриа байдаг. Сталин хэн нэгэнд тушаал өгөхдөө өрөөнд нь тушаал хүлээн авагчаас өөр хүн байхгүй үед л зааварчилгаа өгдөг байжээ. Түүний бие хамгаалагчид удирдагчийнхаа яриаг чагнахаас ч айдаг байсан учир холхон байдаг байв. Тиймээс ч Сталиныг унтлагын өрөөндөө ухаан алдан унаснаас хойш цаг гаруйн дараа мэдсэн гэж үздэг юм.

Бенито Мусолини

Дэлхийн II дайн үеийн өөр нэг дарангуйлагчийн нэг бол Италийн удирдагч Бенито Мусолини юм. Италийн үндэсний фашистуудын намын дарга, Италийн Ерөнхий сайд тэрбээр Адольф Гитлерийн дотно хамтрагчийн нэг байсан.
Италид фашист дэглэмийг бий болгосон тэрбээр өөрийг нь Гитлертэй адилтгах болон түүнийг дагалдагч гэж хэлүүлэх дургүй байснаас гадна өөрийгөө фашист үзлийг бий болгогч гэж ярьдаг байв. Гэхдээ тэрбээр еврей гаралтай олон найзтай байснаас гадна холокостын хэргийг буруушаадаг байжээ.

Сапармурат Атаевич Ниязов

1997-2007 он хүртэл Туркменистаны Ерөнхийлөгчийн алба хашсан Сапармурат Атаевич Ниязов бүх цаг үеийн хамгийн нэр хүндгүй дарангуйлагчийн нэг билээ.
Тэрбээр бусад дарангуйлагчийн адил хөрш орнууд руугаа халдан, олон хүний хороогоогүй ч гэлээ дарангуйлагчдын адил этгээд авир гаргадаг байсан бөгөөд Туркменистан гэдэг улсыг Өрнөдийн эрх баригчид тэр бүр сайн мэддэггүй байсан нь түүний удирдах арга барилтай холбоотой. Тэрбээр бусад дарангуйлагчийн адил улсынхаа гудамж талбай, хотуудын нэрийг өөрийнхөө нэрэмжит болгохыг уриалдаг байжээ. Түүнчлэн цаг тооллын хуанлийн он, сар өдрийн нэгийг хүртэл сольж байв. Зарим сарын нэрийг ээжийнхээ нэрээр нэрлэж байсан байна. Ниязов олон нэрийг сольсноос гадна эрүүл мэнд, нийгэмдээ шинэчлэл хийж, нийслэл хотоос гадна үйл ажиллагаа явуулдаг бүх эмнэлгийг хааж, 15 мянган эмчийг ажилгүй болгожээ. Үүнээс гадна интернэт кафе, номын сангуудыг хүртэл хаасан байна.
2006 онд Туркменистаны тэтгэврийн хөгшчүүлийн гуравны нэгийнх нь тэтгэмжийг цуцалсны улмаас олон мянган хүнд өлсгөлөн, ядуурал нүүрлэж, нас баралт өсчээ.