September 14, 2011

Феминист онол


Ер нь феминизм гэхээр л хэдэн хэнхэг эмэгтэйчүүдийн ажил гэж ташаа ойлголт байдаг юм шиг. Гэтэл энэ нь нийгмийн зонхилох үзлийн хувьд чухалд тооцогддог байр сууринд ховорхон эмэгтэйчүүд тохиолдон энэ нь нийгэм, соёлын нөлөөний учир шалтгаантай байдаг болохыг хэлдэг. Миний үзсэн нэг баримтад кинонд дэлхий дээр хамгийн их эмэгтэйчүүдийн эрх хамгаалагдсан орон гэгддэг Швед улсад л гэхэд хэдэн мянган эмэгтэй жилд өөрийн аль нэг дотны эрэгтэй хүний хүчирхийлэлд өртөн хохирсон гэж цагдаагийн газарт тэмдэглүүлсэн байдаг гэсэн байдаг. Манай оронд ийм тооцоо байдаг л байх гэхдээ асуудал болгодоггүй байх л даа.

Эмэгтэйчүүдийн нийгмийн ролийг дээшлүүлэх зорилготой энэ үзэл, хөдөлгөөн урьд цагт эрэгтэйчүүдэд олгогдсон улс төрийн үндсэн эрх болох сонгох эрхийг эмэгтэйчүүдэд мөн адил олгуулахаар бичин тэмцсэнээр эхэлсэн гэдэг. Ер нь эмэгтэйчүүд хүйснээсээ болж таагүй тааруухан байдалд байдаг ба үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэнээс болсон аж. 1960-аад он хүртэл дэлхий дахинд эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хоорондоо маш ялгаатай нийгэм, эдийн засаг болон улс төрийн ролийг авч хэлэлцдэггүй байсан бөгөөд хэлэлцсэн ч жам ёсны гэж үздэг байсан аж. Жишээлбэл, эрчүүд мөн магадгүй ихэнхи эмэгтэйчүүд биологийн энгийн зүйлсээс үүдэлтэй хөдөлмөр хувиарлалтыг (эмэгтэй хүн хүүхэд төрүүлж хөхүүлдэг учир гэр орны ажилд байхад илүү биеийн хүчтэй эрэгтэй хүн гадаа, нийгмийн ажилд)хүлээн зөвшөөрдөг байсан бөгөөд тэр цагийн улс төрийн онол ч угаасаа бараг бүгд эрэгтэй автортой болохоор энэ үзлийн баримтлан жендерийн асуудлыг асуудал болгодогүй байсан гэдэг. Үнэндээ феминизм, улс төрийн онол дах үе үеийн эрэгтэй сэтгэгчдийн өөрсдийн хүйсний давуу эрх ямбыг эмэгтэйчүүдийг улс төрийн хөтөлбөрөөс гадна байлгаж эдэлж байгаагаа үл судалдаг энэхүү байдлы нь ил гаргасан юм.

Анхны феминизмын давалгаа энд тэнд эмэгтэй хүн сонгох эрхтэй болсноор (хамгийн анх Шинэ-Зеланд улсад 1893 онд)дууссан бөгөөд 1960-аад оноос энэ улс төр, эрх зүйн эрх олсон нь эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрснөөр 2-дах давалгаа эхэлсэн гэдэг. Ер нь феминизмын улс төрийн онолд гүнзгий оролгүйгээр гол санааг нь товчхон хэлэхэд гэр бүлд болж буй зүйл ч улс төрийн ба энэ нь улс төр нь нэг нь нөгөөгөө ноёрхох, дарангуулах явц хаа л байна тэнд л байдаг учир аж. Цаашилбал, энэ эмэгтэйчүүдийн доор байр суурь нь нийгэм, эдийн засгийн бүтэцтэй салшгүй холбоотой ба патриархи буюу системт, зохион байгуулалттай жендерийн дарангуйлал оршдог аж. Дээр бичснийг уншихад хэтрүүлэг мэт санагдаж магадгүй гэхдээ та өөртөө яльгүй төвөг удан НҮБ-с гаргадаг статистикуудыг интернетээс олж харвал нийт дэлхийн өмч хөрөнгийн хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэмшдэгийг харах болно.

Феминизмын онолын талаар бичихэд 4 төрлийн олон улсын харилцааны феминист онол байдаг ба эдгээр нь,
-Либерал,
-Марксист-социалист,
-пост-модернист болон
-standpoint болно. Эхний онол нь дэлхий улс төр дэх эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг ролийг харан яагаад тэд захад үлдсэнийг асуун эрчүүдэд байдаг ижил боломжыг эмэгтэйчүүдэд ч боломжтой болгохыг зоридог. Cynthia Enloe -гийн banana, beach, army гэдэг номон дээр эмэгтэйчүүдийг хаа байна? гэж асуусан байдаг. Хариулт нь товчхондоо Латин Америкт жимсны експортын салбарт (энд голдуу гэрээ тэжээж буй залуухан айлын том охид бага цалинтай), энд тэнд далай эрэгт нэг дипломатын эхнэр ( энд аксесуар рольтой ), армид (бэлэг тэмдэгийн чанартай болон sex worker)гол төлөв байна гэнэ. Эдгээр нь ерөнхий дүр зурагаас онцлон хэлсэн хэрэг. 2-дах төрлийн феминизм нь эмэгтэйчүүд капитализмын дарангуйллын нэг үр дагавраас үүдэн дарлагддаг бөгөөд марксист феминистүүд капитализмыг авч хаяснаар эмэгтэйчүүд тэгш эрхтэй болно гэж үздэг байхад социалистууд капитализм болон патриарки-эцгийн эрхт ёс хоюулаа асуудлын гол шалтгаан гэж үздэг. Пост-модернист феминистүүд болохоор эмэгтэйлэг болон эрэгтэйлэг байдал гэгч нь хэрхэн бүтээгддэг болон хэрхэн дэлхий улс төр тодорхой нэг төрлийн "эрэгтэй" болон "эмэгтэй" хүмүүсийг бий болгодог талаар судалдаг аж. J. Ann Tickner мэт standpoint феминистүүд хорвоо ертөнцийн талаарх бидний мэдлэгийг эрэгтэйчүүд зонхилдогийг засахын хүсэн жишээлбэл классик реалист Hans Morgenthau-гийн ОУ-н улс төрийн 6 "обьектив" зарчимуудыг феминист хуувилбарыг нь гаргасан байдаг.

Эцэст нь хэлэхэд дан ганц эмэгтэйчүүдийн байр байдал ч биш жендер буюу дэлхий улс төр эмэгтэйлэг болон эрэгтэйлэг байдал гэгчийг хэрхэн бариж бүтээдэг нь гол асуудал юм. Монголчууд өөрсдийгөө их уламжлал, соёлтой ард түмэн гэдэг мөн үе үеийн эрэгтэй болон эмэгтэй хүүхдүүдээ эмэгтэй хүн урт үстэй богино ухаантай буюу эрэгтэй хүн богино үстэй урт ухаантай хэмээн хүмүүжүүлж ирсэн. Бид ямар эрэгтэй болон эмэгтэй хүн байхыг өөрсдөө бий болгож ирсэн гэхдээ нэг хүйсийхний эрх ашгийн гарзанд энэ үйл явц явагдаж ирсэн ба явагдсаар байна.