October 13, 2010

Уруу харж ургасан цэцэг


Намайг унтахад намар дуусч байсан. Сэрээд харахнаа харин хавар болж байх юм. Сэтгэл гэсч амь орохтой нь зэрэгцэн цэцэг дэлгэрч цээжинд минь ургана. Хэзээ суулгасан үр одоо ургана вэ? Хээр талд биш миний зүрхэнд яагаад ургана вэ? Ургахдаа уруу харж ургадаг нь юу вэ? Услах гэхээр хөрс нь дээрээ болохоор яах вэ?

Тансаг үнэр нь биеийг минь нэвтлэн үнэртэх хэдий ч таалая гэхээр биеэн дотор минь болохоор хяслантай. Өнгө ялдам тэр цэцэгээ хайрлахаас өөр би юуг ч эс хийж чадна.
Би чамайг эс танина, хараагүй болохоор эс танина. Чи намайг гэвч танина, биеийг минь сэтгэлээр минь дамжуулж танина. Гэссэн сэтгэл минь чамайг танихгүй. Гэсэн ч чи сэтгэлийг минь сайн танина...

Хайр минь гадагшаа бус дотогшоо урсана. Хаана ч явсан чи миний дотор. Харж чадахгүй ч би чамайг хайрлаж чадна. Үүндээ сэтгэл хангалуун үхсэн ч чадна.

Зөндөө олон цэцэгст би дурлаж явсан, тэднийг услаж явсан, тасдаж явсан. Зөрж, ихэнхийг нь анзаарах ч үгүй өнгөрч явсан. Өнгө өнгийн цэцгэнд даруулж, булуулж явсан. Өнгө өнгөөр нь ялгаад бусдад бэлэглэж ч явсан.

Чамайг харин би нандигнан хайрлах юм. Чангахан хөдөлхөөсөө ч болгоомжлох юм. Услачихаад би уруугаа харж алхана. Ус нь шингэлгүй асгарах вий гэсэн дээ тэр. Яагаад чи уруу харж ургасныг мэдэхгүй юм. Ямар ч байсан чи цорын ганц цэцэг.

Цээжинд минь чи байгаа болохоор амьдрал ямар их утга төгөлдөр юм бэ. Чамд би хөрс болж яваадаа яасан их азтай юм бэ.

Харахнээ харин би нэг л өөр... хачин жигтэй зүйл олж үзэнэ. Халуун сэтгэлийг чинь хараад, хайлан хайлан уйлана. Уруу харж ургасны чинь учрыг урд нь би ойлгоогүй юм. Цэвэр тунгалаг тольны өмнө очиход чи биш би уруу харж амьдарсаар иржээ...

Чи бид хоёр одоо хоюулаа дээш харая даа...

Ингээд бид зөв харна. Одод тэнгэр зөв харна. Оршихуй тэр чигээрээ зөв харна
Хоёр байснаа нэг болно. Чи би гэлгүй нэгдэнэ, цэцэг хүн гэлтгүй ижилсэнэ. Уул ус хад чулуу ч гэсэн угаас би эсвэл чи гэлгүй биелэнэ.
Одоо би хайрлагч биш, хайрлуулагч биш харин өөрөө ХАЙР болжээ...

John Bayar May.5, 2010

No comments:

Post a Comment