June 04, 2011

Хятад Төвдийн шашны асуудалд Монгол...


Эртнээс эхлэн монгол, хоёр улс завшаанаар гэх үү үйлийн үрээр ч юм уу нэг тив дээр хаяа хатган хиллэн орших заяа тавилан биднийг угтсан билээ. Хоёр улсын харилцаа түүхийн эрт үеэс тодорхой нэгэн сэжмээр холбогдон одоо ч энэхүү байдал хэвээр байгааг бид олон зүйл дээрээс харж болно. Аливаа улсын үндэсний аюулгүй байдал гэдэг бол ямарваа нэгэн олон улсын гэрээ хэлэлцээр дипломат харилцаанд байнга тусгагдаж байдаг хэдий ч жижиг хөгжил буурай манай орны хувьд их гүрнүүдийн тэр дундаа хятадын төрийн бодлогын хайчинд өртөхгүй гэх баталгаа байхгүйг бид дэлхийн бусад орнуудын жишгээс харж болно. Энд монголн уламжлалт шашинтай холбогдуулан Төвд Хятад Монгол улсын харилцаа тэр дундаа хоёр орны шашны асуудлыг холбогч 15-р Далай ламын асуудлыг хөндөн тавилаа.
Хятад улс Төвдийг өөрийн харьяа муж болгон зарласнаас нэг жилийн дараа буюу 1951 оноос Төвдийн засгийн эрхийг гартаа авчээ. Зарим шинжээчид үүнийг олон улсын гэрээ дүрэм зөрчсөн явдал бөгөөд улс Төвдийн ард түмний шашин шүтлэг, бусад үндсэн эрх, эрх чөлөөг илэрхий зөрчиж байна гэж буруутгадаг ажээ. 1959 оны Төвдөд хятадын эсрэг хөдөлгөөн дарагдахад 24 настай Буддын шашины удирдагч Төвдөөс дүрвэн гарчээ. Далай лам хөрш Энэтхэг улс руу цөлөгдсөн ч тэндээс хэдэн арван жилийн турш өөрийн засгийн газрыг удирдаж байсан юм.
Монгол Улсын аюулгүй байдлын нэг чухал баталгаа нь хөрш хоёр их гүрэнтэйгээ найрамдалт харилцаатай байх явдал гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэхдээ энэ нь бие даасан тусгаар улсын хувьд зарим нэг асуудал дээр өөрийн гэсэн бодолтой байхыг үгүйсгэсэн хэрэг бас биш юм. Энэ талаас нь бодож үзэхээр эдгээр улс орнуудтай тогтоосон найрамдалт харилцаанд сэв үүсгэж болох, цаашлаад манай улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл болон хувирч болзошгүй асуудлууд бас цөөнгүй байгаа болох нь харагддаг. БНХАУ-ын тухайд л гэхэд Тайваньтай харилцах харилцаа, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Төвдийн түүний дотор Далай ламын асуудал гэх мэт. Ингээд энэ удаад Далай ламын асуудлыг аюулгүй байдлын судалгаатай холбогдох талаас нь авч үзэх гэж оролдлоо.

14-р Далай ламын товч намтар: Өнөөгийн 14 дүгээр Далай лам Төвдийн хамгийн хойд талын муж болох Амдон нутгийн нэг тосгоны ядуу тариачны гэрт 1935 онд мэндэлсэн байна.
Учир битүүлэг байдлаар таалал төгссөн 13 дугаар Далай ламыг нас барсны хойд жил яаравчлан тодруулсан бяцхан хүү Данзанжамц дөнгөж таван настай байхаасаа эхлэн гэр бүлээсээ албан ёсоор салж өмнөх дүрийн Далай лам нарын оршин амьдарч ирсэн Потала ордонд Төвдийн хаан болон шашны удирдагчаар суужээ. Төвдийн шашин, улс төрийн байдал туйлын ээдрээтэй үед тодорсон энэ Далай ламын амьдрал нь ганцхан Төвдийн төдийгүй улсын хувь заяатай салшгүйгээр холбогджээ. Данзанжамц олон тооны лам нар болон Тэжан ба Лин Ренбүүчийгээс Бурханы шашныг судалжээ. Түүнийг балчир тул Ратан Ренбүүчий төлөөлөн засаг барьж байжээ. Бас дараа нь Дадаг Ренбүүчий төрийн эрхийг барьжээ. 1950 онд Төвд орны хувьсгалын хүрээнд татагдан орсон бөгөөд Далай ламын коммунистуудтай 1954 онд хэлэлцээр хийж ард түмэндээ хандан хятадын засгийн газрыг хүлээн зөвшөөрөхийг уриалж, удалгүй Бээжинд айлчилж Мао-Зэ-Дунтай уулзжээ. Дараа нь Энэтхэгт ирж Бурхан багшийн 2500 жилийн ойд оролцож дэлхийн Бурханы шашинтнуудтай найрсаг харилцаа тогтоожээ. Тэрээр шашны эсрэг дэгдсэн төвдүүдийн бослого дарагдмагц 1959 оны гуравдугаар сард нэг зуун мянган төвдүүдтэй хамт Гималай уулыг даван Энэтхэгт гарч Дарамсала хэмээх багавтар хотод сууж, Төвдийн цагаачлалын Засгийн газрыг байгуулж, шашин төрийн асуудлыг дахин эрхлэх болжээ.
14 дүгээр Далай лам Төвдийн төдийгүй дэлхийн бурханы шашинтнуудын оюун санааны тэргүүнд тооцогддог бөгөөд 1959 оноос эхлэн Энэтхэгт амьдарсан цагаачлалын он жилүүд нь өдөр бүрийн хар дарсан зүүд мэт хэцүү байдалд өнгөрсөн боловч Төвдийн бурхны шашны зүг дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан нь чухамхүү түүний нэр нөлөөтэй холбоотой юм.
1959 оны Засгийн газрыг эсэргүүцсэн төвдүүдийн бослого амжилтгүй болж цаашдаа олон хүний амь нас үрэгдэх шинжтэй болмогц түүнээс сэргийлж бурханы шашны тухайн үеийн оюун санааны гол удирдагчдыг өөртөө нэгтгэн дагуулж Энэтхэгт дүрвэн гарсан нь эцсийн дүндээ төвд хэл дээрх бурхан шашны нэр хүндийг бүрэн бүтнээр нь авч үлдэхийн төлөөх олон жилийн нөр их тэмцлийн эхлэл болсон байна. Далай лам өөрийнхөө тэмцлийг тодорхойлон хэлэхдээ “...миний олон жил өрнүүлсэн энэхүү үйл ажиллагааны гол утга учир нь төвд хэл дээрх бурханы шашин, ялангуяа их хөлгөнийн ном сургаалыг хадгалж үлдээхэд чиглэж байсан билээ” гэсэн байдаг.
Тэрээр өөрөө 2008 онд өгсөн нэг ярилцлагадаа “хэдийгээр би улс төрийн үйл хэрэг явуулдаггүй ч Хятадууд ингэж үздэггүй. Хэрвээ би Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэл өрнүүлж байгаа бол хүссэн хүсээгvй улс төрийн үйл хэрэг болно. Би юуны төлөө яваад байгаа юм бэ. Төвдийн соёл, уламжлалыг хадгалж үлдээхийн төлөө л тэр шүү дээ. Төвдийн бүрэлдэхүүнд байхыг би аль хэдийнээ зєвшөөрчихсөн” хэмээн хэлсэн байдаг
Уг нь Тvвд өөрийн Үндсэн хуультай, Засгийн газар, парламенттай болж, гадаад улс орнуудтай харилцаа тогтоосон байсан бол байдал огт өөр байх байж.Даанч Маогийн цэрэг орж ирэхээс өмнө би үүнийг хийж амжаагүй. Тэгэхэд би дөнгөж 21 настай байлаа хэмээн ярьсан байдаг.

Хятад Далай ламын харилцаа: .
Хятад улс Далай ламыг салан тусгаарлагч, үймээн самуунд уриалагч хэмээн буруутгадаг боловч Далай лам сүүлийн жилүүдэд үүнийг няцааж “Би Төвдийн тусгаар тогтнолын төлөө биш, харин автономит өргөн эрхийн төлөө тэмцэж байгаа” хэмээн мэдэгддэг болсон нь үүний нэг илэрхийлэл юм. Төвдийн ард түмэн ч үндсэндээ бий болсон нөхцөл байдалд дасаж Хятадын бүрэлдэхүүнд амьдарсаар олон жил болжээ.
Үүнээс гадна Далай ламын хойд дүрийг тодруулах асуудал нэлээд хэдэн жилийн өмнөөс гэнэт гарч ирж шинэ маргааны эхлэлийг тавьсан юм. Үүнээс үүдээд, асуудал улам хурцадмал шинжтэй болсоор байна.
Өдгөө 75 хүрсэн Далай ламын нас ахих тусам гадаадад дүрвэн гарсан Төвдийн цагаачлалын Засгийн газрын хувь заяа улам бүр бүрхэг болж цаашдаа яах бол гэдэг асуудал бурханы шашныг шүтдэг хэн бүхний сэтгэлийг зовоож байгаа нь тодорхой байна. 15 дугаар Далай лам тодрох эсэх асуудал нь одоогийн Далай ламыг амьд сэрүүн дээр нь хүчтэй яригдаж эхэлсэн бөгөөд Төвдийн цагаачлалын Засгийн газрын доторхи элдэв бүлэглэлүүд энэ тухайд санал зөрөлдөөнтэй болж олон төрлийн цуурхал яриа Дарамсалад төдийгүй дэлхий даяар тархаж эхэлжээ.
Шинэ Далай ламыг тодруулах ажлыг хойд дүр хэн болохыг тогтоох нарийн аргыг сайн мэддэг өндөр мяндаг тушаалтай лам нар гүйцэтгэх ёстой байдаг. Жишээлбэл, Далай ламд үнэнч лам нар 1989 онд шашны дэв зэргээрээ хоёрдугаарт орох Банчин ламын хойд дүрийг Төвдээс тодруулсан боловч тэр хүү удалгүй алга болсон. Түүнийг "Хятадын хамгаалалтад байгаа" гэсэн мэдээлэл тараагдаж байсан. Одоо 21 хүрсэн залуу байх ёстой аж. Төвдийн лам нар Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээр түүний оронд шинэ Банчин ламыг тодруулсан гэж яригддаг.
Ер нь Далай ламын дараах Төвдийн ирээдүйн талаар хоёр санаа бодол байгаа юм. Зарим хүн Далай лам нас барвал Төвдийн асуудал түүний хамт бүрмөсөн мөхнө гэж ярьдаг. Гэтэл нэг хэсэг хүн харин Төвдийн асуудал улам хурц, бүр хүчтэйгээр тавигдах болно гэдэг. Ер нь төвдүүдийг тусгаар тогтнох гэсэн хүсэл эрэмэлзэл, шашин шүтлэгээсээ татгалзахыг хэн ч ятгаж, хөтөлж дөнгөхгүй нь улам бүр тодорхой болсоор байгаа юм. Хятадын Засгийн газрын иймэрхүү оролдлогуудын эсрэг төвдүүд улам бүр гөжүүдэлдэг болох нь ойлгогдож байгаа болно. Ийм учраас үнэндээ энэ асуудалд Далай ламыг нас барсаны дараа л цаг хугацаа бодит байдал хариулт өгөх болоод байгаа юм.

Далай лам нас барвал Төвдийн асуудал байхгүй болно гэдэг ярианы тухайд гэвэл өнгөц талаасаа байдал иймээр эргэж болох талтай юм. Гэвч Төвдийн асуудал бол зөвхөн Далай ламын хэрэг биш бөгөөд бурханы шашин шүтдэг олон сая хүний болон бүхэл бүтэн нэг үндэстний асуудал гэдгийг сайтар ухаарах хэрэгтэй юм. Далай лам нас барвал Төвдийн цагаачлалын Засгийн газарт болон шарын шашны дээд зиндааны лам нарын бүрэлдхүүнд тодорхой өөрчлөлтүүд гарч, баримтлах бодлогын хувьд ч шинэ санаанууд гарч ирэх нь ойлгомжтой хэрэг. Гэхдээ төвд үндэстэн оршин тогтносоор, шарын шашнаа шүтсээр байх учраас энэ үндэстний асуудал шийдвэрээ хүлээсээр, Төвдийн цагаачлалын Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх магадлал ихээхэн өндөр юм. Энэ талаар Далай лам өөрөө хэлэхдээ “...хангалттай хүсэл эрмэлзэл, эдийн засгийн бололцоотой хөгжил цэцэглэлтэй байхад үүнийг үргэлжлүүлээд аваад явах боломжтой. Еврейн нийгмийг хар л даа. 1000 жилийн турш гол сүнс, үзэл хадгалсаар ирсэн.
Далай ламын дараагийн дүр................
Үүнтэй уялдаатайгаар дараагийн Далай ламыг хаанаас, хэн тодруулах, түүний бодол санаа, Хятадын талаар баримтлах байр суурь ямар байх вэ гэдэг нь хамгийн анхаарал татсан асуудал болж байгаа юм. Далай ламын засаглал буюу Төвдийн цагаачлалын Засгийн газрын үйл ажиллагаа цаашдаа үргэлжлэх эсэхийг үндсэндээ Төвдийн ард түмэн, өөрөөр хэлвэл бурханы шашинтнууд шийдвэрлэх нь тодорхой юм. Хэрэв тэдний олонхи нь үүнийг хэрэггүй гэж үзвэл энэ засаглал дуусаж 15 дугаар Далай ламыг тодруулах шаардлагагүй байдал үүсэж болох юм.
Гэвч Далай лам нас барвал бурханы шашинтнууд, төвдүүд түүний хойд дүрийг тодруулахыг хүлээх, шаардах нь бараг тодорхой зүйл юм. Шашны тэргүүний, ер нь хутагт, хувилгаадын хойд дүрийг тодруулах нь тэдний өмнөх амьдралын зорилго болон хийж амжаагүй зүйлийг нь гүйцээн биелүүлэхийн тулд байдаг. Шарын шашны энэ зан заншил нь Далай ламын хойд дүрийг түүний амьдарч байгаа улс орон буюу ойр хавиас нь, гэхдээ түүний хүрээллийн лам нарын эрэл хайгуулаар тодруулах байх гэсэн таамаг үүсгэж байгаа юм. Бүр тодруулж хэлвэл одоогийн Далай ламын үзэл санааг дэмждэг ойлгодог улс орнуудын бурханы шашинтнуудын хүүхдүүд дотроос түүний хойд дүрийг тодруулах ёстой гэсэн үзэл бодол хүчтэй оршиж байгаа юм. Үүнээс үүдэн Далай лам Төвдээс гадна амьдарч байгаа болохоор түүний хойд дүрийг Төвдээс өөр газраас тодруулах, эсвэл түүний гэрээслэлийн дагуу үүрэг хүлээсэн лам нар Төвдээс тодруулан Дарамсалад аваачих гэсэн хоёр асуудал үүсэн гарч ирж байгаа болно. Тэгвэл үүнтэй уялдан ууд асуудлыг ийм байдлаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх болон Далай ламын хойд дүрийг Төвдээс өөр газраас тодруулвал Хятадын төвдүүд түүнд хэрхэн хандах вэ гэсэн асуудал бас урган гарч ирж байгаа болно. Мэдээж хэрэг Хятадын Засгийн газар үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нь бараг тодорхой хэрэг. Өөрөөр хэлвэл Хятадын Засгийн газар Банчин ламыг дэмжин тодруулсан шиг өөр Далай ламыг Төвдийн дээд зиндааны өөрийн талыг баримтлагч лам нарын туслалцаатайгаар тодруулах нь гарцаагүй. Энэ нь хоёр далай лам гарч ирэх магадлал байгаа гэсэн үг юм. Нэг нь 14 дүгээр Далай ламын гэрээслэлийн дагуу тодруулсан шинэ Далай лам, нөгөө нь Төвдийн лам нар тодруулж Хятадын Засгийн газраас албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Далай лам. Үүнээс үүдээд энэ хоёр Далай ламыг дэлхийн бурханы шашинтнууд хэрхэн хүлээж авах вэ? гэдэг бас нэг асуудал үүсэж байгаа юм. Энэ тохиолдолд Тvвдийн асуудал улам хурцдаж, хятадууд, төвдүүд хоорондын төдийгүй олон улсын шинж чанартай шинэ маргааны эхлэл тавигдах болно.
Үүний зэрэгцээ Хятадуудаас өрсөн дараагийн Далай ламыг одоогийн Далай лам өөрөө тодруулах магадлал улам их болсоор байна. Хэдийгээр энэ нь Далай ламыг тодруулах уламжлалт ёс заншилд нийцэхгvй ч ингэхээс өөр аргагvй болоод байгаа талаар тэрээр байнга ярих болсон. Энэ нь нөгөө талаасаа одоогийн Далай лам дэлхий дахинд ихээхэн нэр хүндтэй хүн учир Төвдийн асуудал алга болохгүй байгаа бөгөөд дараагийн Далай лам мөн л ийм нэр хүндтэй байж гэмээж Төвдийн цагаачлалын Засгийн газар үйл ажиллагаагаа олон улсын тавцанд үргэлжлүүлэх бололцоотой байхтай уялдаатайгаар гарч ирж байгаа зүйл юм.

Өөр нэг чухал асуудал бол шинэ Далай лам балчир хүүхэд байх нь тодорхой юм. Тэгвэл тэрээр эрдэм ухаанд суралцаж, өсөж өндийн одоогийн Далай ламын зэрэгт хүрч, Хятадын Засгийн газартай эн зиндаанд тэмцэлдэх, олон улсад нэр хүндтэй болохын тулд цөөнгүй жил шаардагдах болно. Ингэхлээр энэ хугацаанд Төвдийн цагаачлалын Засгийн газар юу болж хувирах, энэ Засгийн газрыг үнэн чанартаа толгойлж дэлхийн бурханы шашинтнуудыг нэгтгэж чадах өөр нэг хүн бас байх ёстой нь тодорхой байна. Далай лам ч үүнийг бас бодсон бололтой байдаг. Ийм хүн нь нэлээд хэдэн жилийн өмнө Төвдээс цагаачлан Дармасалад хүрч ирсэн Гармала лам байж болох тухай, түүнд энэ үүргийг оногдуулж болох юм гэж итгэдэг талаараа тэрээр хэд хэдэн удаа ярьсан байдаг. Гармапа бол Далай лам, Банчин ламын дараа ордог бурханы шашны гурав дахь том лам юм.

Шарын шашны түүхэнд Төвдийн гаднаас Далай лам нар тодорч байсан нэг тохиолдол бий. Тухайлбал 4 дүгээр Далай ламаар монгол хүн тодорсон байдаг. Одоогийн Далай лам энэ түүхэн баримтад тулгуурлан өөрийнхөө хойд дүрийг Төвдээс өөр газраас буюу Энэтхэгээс эсвэл Монголоос, түүнчлэн буддын шашинтай өөр бусад орны ард түмнүүдийн дундаас сүсэгтэн олон өөрсдөө тодруулах тухай ярих болсон юм.
БНХАУ-ын шашны хэрэг эрхлэх газраас Төвдийн асуудлыг хурцатгахгүй байхын тулд хэдэн жилийн өмнө Төвдүүдийн оюун санааны амьдралтай холбоотой өвөрмөц заавар гаргасан тухай үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл дэлхийд түгээд байна. Энэхүү зааварт "амьд бурхан"-ы хойд дүрийг тодруулахдаа зөвхөн БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр гүйцэтгүүлэхээр тусгасан гэж яригдаж байгаа. Түүнчлэн энэ нь хууль бөгөөд түүнд "Хятадын Засгийн газар, шашны хэрэг эрхлэх газрын зөвшөөрөлгүйгээр өөрийгөө тунхагласан "амьд бурхан"-ыг хууль бус хэмээн үзэх болно", Далай ламын хойд дүрийг тодруулах үйл явц "хилийн чанадад байгаа ямар ч бүлэг, хувь хүний нөлөөн дор явагдах ёсгүй" гэж заасан байгаа тухай хаа сайгүй яригдаж байгаа болно. Хэрэв ийм хууль, эсвэл ямар нэгэн заавар, журам гарсан нь үнэн бол Хятадын Засгийн газар Далай ламын хойд дүрийг Төвдээс өөрсдөө тодруулна гэдгээ шулуухан ойлгуулж байгаа хэрэг бөгөөд Энэтхэгт цагаачлан гарч Төвдийн цагаачлалын Засгийн газрыг 50 гаруй жил тэргүүлэн амьдарч байгаа Далай лам Данзанжамц болон Хятадын эрх баригчдын хоорондох амаргүй харилцаа улам ээдрээтэй болохын нэг эхлэл болж байгаа юм.

Монгол Төвдийн харилцаа эрт дээр үеэс холбоотой байсан бөгөөд одоо дэлхий дахинаар нэр алдар нь мандсан "Далай лам” гэдэг нэрийг Монголын нэг хаан хайрласан, Далай лам дахиж амилаад 14 дүр болтол бусад 13 дүр нь Төвд гаралтай хүн байсан бол цорын ганц 4 дүгээр Далай лам Ёндонжамц Монголын алтан ургийн хүн байжээ. Хэдийгээр тэрбээр 28 хан нас насалсан боловч бурханы шашин Монголд дэлгэрэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн билээ. Дээр нь одоо Төвдэд голлож байгаа шарын шашныг төрийн шашин болгоход Монголын хаад, ноёд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Эдгээртэй уялдаатайгаар 15 дугаар зуунд 4 дүгээр Далай лам монгол хүн байсан учир 15 дугаар Далай лам монгол хүн байж болох юм гэсэн яриа өнөөгийн Монгол Улсад нэлээд тархаад байгаа юм. Үүнд хэдийгээр албан ёсоор хуульчлаагүй боловч одоогоор бурханы шашныг төрийн шашны хэмжээнд авч үздэг, хүн ард нь үндсэндээ бүхэлдээ энэ шашныг шүтдэг тусгаар тогтносон орон учир Монгол Улс бурханы шашны төв байх ёстой гэдэг үзэл бодолтой хүмүүс Монголд олон байдаг мөн нэгэн удаа Далай лам монголд айлчлахдаа өөрийн жанчаа хийдэд үлдээсэн гэх ийм яриа гарахад нэлээд түлхэц болж байгаа бололтой юм.
Нэг талаас Төвдийн цагаачлалын Засгийн газраас эрхлэн Энэтхэгээс буюу өөр бусад орноос Далай ламын хойд дүрийг тодруулсан тохиолдолд энэ Далай ламыг БНХАУ-ын Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой бөгөөд түүний дэмжлэгтэйгээр Төвдийн автономит районы дээд зиндааны лам нар Төвдэд, эсвэл Хятадын бусад мужид амьдарч буй төвд хүүхдүүдээс Далай ламын хойд дүрийг тодруулах нь бараг гарцаагүй юм.

Нөгөө талаас Хятадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Төвдээс Далай ламын хойд дүрийг тодруулсан тохиолдолд Төвдийн цагаачлалын Засгийн газар болон ын төвдүүдийн ихэнх нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Далай лам өөрөө буюу түүнийг нас барсан тохиололд гэрээслэлийнх нь дагуу 15 дугаар Далай ламыг аас өөр хаа нэг газраас тодруулж магадгүй юм. Ингэснээр үндсэндээ хоёр Далай лам бий болж ээдрээтэй нөхцөл байдал үүсэх болно.

Монгол Улс болон дэлхийн бусад оронд буй бурханы шашинтнууд Далай ламын гэрээслэлийн дагуу тодруулсан хүүхдийг хүлээн зөвшөөрөх талдаа байх боловч Төвдийг бурханы шашны төв гэдэг үүднээс хятадаас тодруулсан Далай ламтай ойлголцох байдлаар харилцах магадал нэлээд өндөр байгаа юм. Өөрөөр хэлвэл, одоогийн хятадын Засгийн газрын хүлээн зөвшөөрсөн Банчин ламтай хэрхэн харилцаж байгаатай төсөөтэй зүйл гарч ирж магадгүй юм. Эдгээр орны Засгийн газруудын тухайд бол хятадын Засгийн газартай харилцаагаа хурцатгахгүй байх үүднээс энэ асуудалд шууд оролцохгүй, бурханы шашинтнуудын дотоод хэрэг гэсэн байр сууринаас хандах магадлалтай боловч өөрсдийн бурханы шашинтнуудын байр суурийг хүндэтгэх үүднээс тодорхой хэмжээгээр Энэтхэгт буй Төвдийн цагаачлалын Засгийн газрын шашны үйл ажиллагааг дэмжих бодлого явуулж бас болзошгүй юм.
Эцсийн дүндээ бурханы шашинтнууд хоёр хуваагдан хоорондоо зөрчилдөж, Төвдийн асуудал шийдвэрлэгдэхгүй удаашран, дэлхийн бусад орны болон хятадын хоорондох Төвдийн хүний эрхийн талаарх маргаантай асуудал улам хурцдах нь тодорхой болно. Эдгээрт Монгол Улс ямар нэг хэлбэрээр зуучлах үүрэг гүйцэтгэж болох талтай гэж үздэг хүмүүс Монголд болон гадаадад бас нэлээд олон байгаа бололтой.

No comments:

Post a Comment