January 31, 2011

Самуэль П.Хантингтон: “Орчин үеийн ИРГЭНШЛҮҮД”


Ард түмнүүдийг соёлын шинж байдлаар нь өөр өөр иргэншилд хамааруулж, харин физиологийн галбир, төрхөөр нь арьстанд хувааж ангилдаг.

Иргэншлийн хүрээ гэдэг бол “бид” гэдэг ойлголтыг “тэд” гэх гадныхнаас ялгах хамгийн өргөн ойлголт юм. Иргэншлүүдийн хүрээг хатуу ялгаж салгах боломжгүй, яг хэзээ үүсч, хэзээ мөхсөнийг тодорхой онооход түвэгтэй.
Иргэншлүүд нь урт хугацаагаар орших бодит байдлын илрэл юм, түүний цорын ганц онцлог, давтагдашгүй тал бол “урт хугацаанд орших чадвартайд” байдаг ажээ. Эзэнт гүрний мандал бадрал, мөхөл сүйрэл ээлжлэн байдаг бол “иргэншлүүд” нь “улс төр, нийгэм, эдийн засаг, үзэл суртлын бүхий л эргэлтийг” даван гарчээ.

Түүхэнд яг хичнээн иргэншил оршин байсан бэ гэдэг дээр нэгдсэн тоо хараахан хэлж чадаагүй байна. Тойнби эхлээд 21, дараа нь 23 тохиолдлыг, Шпэнглэр үндсэн 8 том иргэншлийг нэрлэсэн. Харин Браудэл 9-ийг, Ростовани орчин үеийн 7 иргэншлийг тус тус нэрлэсэн байх жишээтэй.

Орчин үеийн гол иргэншлүүд:

1. Синик буюу Хятадын иргэншил /МЭӨ 1500 жилээс эхэлсэн. Хятад, Зүүн өмнөд Ази, Вьетнам, Солонгосын соёл/
2. Японы иргэншил /МЭ 100-400 жилийн тэртээгээс тоологдоно. Нэг төрт улсад хамаарах иргэншил/
3. Хиндү иргэншил /МЭӨ 1500 жилээс эхлэлтэй. Хиндүизм бол “шашин, нийгмийн систем төдийгүй, Энэтхэгийн иргэншлийн гол цөм мөн”/
4. Лалын иргэншил /МЭ 7-р зуунд Арабын хойгоос үүсэлтэй. Умард Африк, Иберийн хойг, төв Ази, Зүүн өмнөд Азийн орнууд/
5. Ортодокс /Оросоор төвлөрсөн иргэншил/
6. Өрнийн иргэншил /МЭ 700-800 оны үед бий болсон. Европ, Хойд Америк болон бусад/
7. Латин Америкийн иргэншил /Өрнийн иргэншилд байхгүй нутгийн өвөрмөц соёлын элементүүдийг агуулсан байдаг. Перу, Боливи, Аргентин, Чили, Мексик/
8. Африкийн иргэншил /Сахараас өмнө орших Африкчууд нэгдмэл иргэншлийн хүрээ үүсгэх магадлалтай, ӨАБНУ гол цөм улс нь болох магадлалтай./


Өрнийнхний ялалтад зохион байгууллалт, сахилга дэг журам, цэргийн сургалт төдийгүй аж үйлдвэрийн хувьсгалын дүнд бий болсон зэр зэвсэг, тээврийн хэрэгсэл болон эмнэлэгийн алба түлхэц үзүүлсэн.
Хэдлэй Баллын хэлснээр, “хэрэв хоёр ба түүнээс дээш улс орон бие биеийнхээ шийдвэр гаргалтад харилцан хүчтэй нөлөөлж чадахуйц ойр харилцаатай бол тэр нь нэгэн цогц системтийг” үүсгэж, ийм нөхцөлд олон улсын систем тогтдог ажээ.

Универсал нийтлэг иргэншил мөн үү?

Өрнийн соёлын тархалтыг илүү өргөн утгаар авч үзвэл, зөвхөн хэрэглээний бараа төдийгүй мэдээллийн хэрэгсэл, Холливудаар дамжин тархаж байна. 1993 онд үзэгчдийг хамгийн их татсан 100 шилдэг киноны 88 нь Америкийнх байсан ба Европ, Америкийн 2 том компани глобал мэдээллийг өмчлөн дэлхий даяар цацаж байдаг.
Өрнийнхөн өөрсдийн иргэншлийг универсал (дэлхий нийтийн) байх ёстой хэмээн тулгадаг. Тэд иргэншлээ универсал гэдгийг дараах хүчин зүйлээр нотлохыг оролдсон. Үүнд:
Хэл.
Өрнийн 5 том хэл болох англи, франц, португал, испани хэлээр 1958 онд дэлхийн хүн амын 24.1% ярьж байсан бол 1992 онд 20.8% болж буурчээ. Дэлхийн lingua franca буюу дэлхийн “өргөн харилцах хэл” түүхийн аль ч үед байв. Жишээ нь: сонгодог эртний үед латин хэл, өрнөдөд франц хэл г.м. lingua franca бол хэл, соёлын ялгааг даван туулах арга болохоос биш уг ялгааг арилгах арга хэрэгсэл биш юм.
Хамгийн өргөн тархсан хэл болох англи, франц, мандарин, исдани, араб, орос нь эзэнт гүрний үндсэн хэл байсны үр дү бөгөөд дэлхийд эрх мэдэл, нөлөө, хүчний харьцаа их гүрнүүдийн дунд харилцан шилжихийн хэрээр хэлнийх нь хэрэглээ тэр аясаар шилжиж байв.
Шашин.
Универсал шашин бий болох нь бараг л боломжгүй зүйл юм. Дэлхийн хүн амд христос шүтлэгтний эзлэх хувь 1980-аад онд 30 хүрсэн нь хамгийн оргил үе бөгөөд түүний дараа хэсэг хугацаанд хадгалагдсан бөгөөд өнөөдөр буурч, 2025 он гэхэд 25% хүртэл буухаар байна. Харин хүн амын хэт өсөлттэй яваа лалын орнууд дэлхийн хүн амд улам жинтэй түрэн орж ирэх тул 2025 он гэхэд ислам шашинтан дэлхийн хүн амын 30%-ийг эзлэж болохоор байна. Нийгмийн сэтгэл зүйн онолоор бол хүмүүс өөрсдийгөө тодорхой хам хүрээнд бусдаас ялгарах тэр шинж тэмдгээр тодорхойлдог. Үүнд “хүн бусдаас ялгарах тэр шинж тэмдгээ хавьгүй сайн мэдэрдэг, энэ нь ялангуяа нийгмийн энгийн хүрээнд байгаа хүмүүстэй харьцуулахад бүр тод илэрнэ. Тухайлбал, өөр мэргэжилтэй хэд хэдэн эмэгтэйчүүдийн дунд байгаа сэтгэл судлаач эмэгтэй мэргэжлээрээ бусдаас ялгарах бол харин сэтгэл судлаач эрэгтэйчүүдийн дунд байгаа тохиолдолд эм хүнийхээ хувьд зөвхөн хүйсээрээ ялгарах жишээтэй”. Иргэншил хоорондын мэдээлэл, харилцаа холбоо, худалдаа, аялал жуулчлалаар дамжиж тэлэхийн хэрээр хүмүүс өөрийн соёл, иргэншлээ улам илүүтэй дээдлэнэ. Хойд Африкийн цагаачид Францад ирэхэд, Француудын хилэн бадрах бол католик шашинт Польшууд цагаачлан очвол халуун дотноор хүлээн авах жишээтэй.
Эндээс дүгнэн үзэхэд универсал нь дэлхийн нийтлэг иргэншил байж чадахгүй, дэлхийн түүхэнд ч тийм иргэншил байгаагүй. Универсал иргэншил бий болгох гэж оролдох нь өрнийн бус иргэншлүүдийн дургүйцлийг хүргэж, иргэншлүүдийн хооронд мөргөлдөөн үүсэх үндэс болдог байна.

Самуэль П.Хантингтон . 1996 он
“Иргэншил хоорондын мөргөлдөөн, Шинэчлэгдэж буй дэлхийн дэг журам” номноос..

No comments:

Post a Comment