October 15, 2010

ердөө 2 үнээгээр төлөөлүүлэн тухайн нийгмийн онцлогийг гаргасан сонирхолтой хошигнол


Ардчилагчид
Чи хоёр үнээтэй.
Харин хөрш чинь юу ч үгүй
Чи өөрийн азтай байгааг буруу зүйл гэдгийг мэдэрдэг


Бүгд найрамдахчууд
Чи хоёр үнээтэй
Харин хөрш чинь хоосон
Тэгээд юу гэж?


Социалистууд
Чи хоёр үнээтэй
Төр нэгийг нь авч нөгөөг нь хөршид чинь өгнө
Чи хөршийнхөө үхрийг хамтран хэрхэн маллах тухай тохиролцон улмаар хоршоолол үүсгэнэ.


Коммунистууд
Чи хоёр үнээтэй.
Төр чамайг сүүгээр хангахын тулд бүгдийг нь хураана.
Чи сүүгээ авахын тулд эцэс төгсгөлгүй оочирт зогсоно.
Сүү хэдийнэ гашилсан байх бөгөөд бас өндөр үнэтэй байна.


Америк: капиталист загвар
Чи хоёр үнээтэй.
Чи нэгийг нь зарж оронд нь бух худалдаж авснаар үхэр сүрэгтэй болно.


Америк: хүнд сурталт загвар
Чи хоёр үнээтэй.
Засгийн газрын шинэ ферм хөтөлбөрийн хүрээнд нэг үнээг чинь буудаж устгасныхаа төлөө болон нөгөө үнээний чинь сүүнд зохих төлбөрийг төлөх хэдий ч дараагаар нь сүүг шуудуу руу асгана.


Америкийн хэв маяг
Чи хоёр үнээтэй
Нэгийг нь зарах хэрнээ буцааж өөртөө түрээслэн, нөгөөд нь зориулан IPO буюу шинээр хувьцаа гаргахаар зарлана. Хоёр үнээнээсээ 2 дахин илүү сүү гаргуулахаар хүчлэнэ. Эцэстээ нэг үнээ нь эцэж үхэхэд чи гайхаж хоцроно. Шинжээчдэд юу болснийг өгүүлэхэд тэд чамд дордсныг чинь хэлээд зардлаа бууруулахыг зөвөлнө. Улмаар хувьцаа чинь өсч эхлэнэ.


Франц хэв маяг
Чи хоёр үнээтэй
Чи 3 үнээтэй болохыг хүсч байгаа тул ажил хаялт зарлана.
Чи үдийн цайндаа явж, бас дарс шимнэ. Амьдрал үнэхээр жаргалтай.


Япон хэв маяг
Чи хоёр үнээтэй
Тэдгээрийг жирийн үнээнээс 1,5 дахин болгож өөрчлөөд 20 дахин илүү сүү үйлдвэрлэнэ. Үнээнүүд өөрсдийг нь галт тэргээр итгэмээргүй бөөндөн зөөдгийг мэдэж авна. Улмаар тэдний хамгийн шилдгүүдийг үхрийн сургуульд явуулж эхлэнэ.


Герман хэв маяг
Чи хоёр үнээтэй
Тэдгээрийг шаргал өнгөтэй төдийгүй шар айраг ууж улмаар өндөр чанартай сүү өгөхийн зэрэгцээ цагт 100 миль хурдалдаг болгож инженерчлэнэ. Харамсалтай нь тэд жилд 13 долоо хоног амралт авахыг шаардаж эхлэнэ.


Итали хэв маяг
Чи хоёр үнээтэй, гэхдээ тэдгээрийг хаана байгааг үл мэднэ. Үнээгээ эрж орчноо ажиглангаа сайхан хүүхэн олж харна. Үдийн цайндаа завсарлана. Амьдрал сайхан байнаа гэж.


Орос хэв маяг

Чи хоёр үнээтэй
Чамд бас архи бий.
Үнээгээ тоолох үед чамд 5 үнээ байгааг мэдэж авна.
Чамд ахиад архинаасаа хүртэнэ.
Үнээгээ дахин тоолох үед бүр 42 үнээтэйгээ мэдэж авна.
Мафи үүнийг илрүүлж мэдээд, булааж авсан ч чи үнэхээр олон үхэртэй нэгэн.


Талибан хэв маяг
Чиний бүх үхэр Афганстанд байдаг, тэдгээр нь нийт хоёр. Чи сүүг нь авч чаддаггүй учир нь хэн нэгний биеийн аль нэг хэсэгт хамаагүй хүрч болохгүй. Америкийн засгийн газар сүүн бүтээгдэхүүн олох өөр эх үүсвэрт зориулан 40 сая долларын баталгаа гаргаж өгсөн ч тэрхүү мөнгө зэвсэг худалдаж авахад зарцуулдаг.


Ирак хэв маяг
Чи хоёр үнээтэй
Тэд хаа нэгтээ нуугдаж байгаа.
Тэд мөөрөлтөө радио долгионоор дамжуулдаг.


Польш хэв маяг
Чи хоёр бухтай
Ажилчид тэдгээрээс сүүг нь авахаар байнга зэрэмдэглэж улмаар алсан.


Бельги хэв маяг
Чи нэг үнээтэй
Үнээ чинь сэтгэцийн өвчтэй. Заримдаа тэр өөрийгөө франц заримдаа фламанд гэж боддог.
Фламанд үнээ Франц үхэртэй хамт байхыг хүсдэггүй.
Франц үхэр Фламанд үнээний сүүг хяналтандаа байлгахыг хүсдэг.
Үнээ өөрийг нь таллан хуваах зөвшөөрөл хүсдэг.
Үнээ үхэхдээ жаргалтай.


Флорида хэв маяг
Чи хар, бор хоёр үнээтэй.
Аль сайхан харагдаж байгаад нь хүмүүс саналаа өгдөг.
Зарим нь борыг шилдэг хэмээн зориудаар саналаа өгдөг бол нөгөө хэсэг нь хард санамсаргүйгээр саналаа өгдөг. Харин зарим нь хоюуланд нь бүр зарим нь хэнд нь ч өгдөггүй.
Нэг хэсэг нь алинд нь саналаа хэрхэн өгөхөө ч тодорхойлж чаддаггүй. Эцэст нь муж улсаас гадуур хэсэг бүлэг залуус аль сайхан харагдаж байгаа гэж бодох ёстойг чинь хэлээд өгнө.


Калифорни хэв маяг
Чи сая үнээтэй. Тэд калифорний бяслаг хийдэг. Зөвхөн 5 нь англиар ярьдаг. Нилээд хэсэг нь хууль бусаар амьдардаг.
Арнольд Шварцеггер том дэлэнтэй хэн нэгэнд нь дуртай.

October 13, 2010

Би дуртай...


Би танихгүй хүн рүү харахад над дээр туссан харцаа буруулахад дуртай
Харин ичих ч үгүй шалиг инээмсэглэхэд дургүй

Би бүлээн салхи хүзүүн дээр үнсэж үсийг минь илбэхэд дуртай
Харин хог шороотой хамт хормой сэвэлзүүлэх хавсарганд дургүй

Би сүргээрээ бөөгнөрөөд хөхрөлдөх цөөвөр чононуудад дургүй
Харин тэргүүнээ ямагт өргөж ганцаар урагшлах ирвэсэнд дуртай

Би хоёрын хооронд болсон болоогүй жижигхэн ногоон алимнуудад дургүй
Боловсорч гүйцсэн атгасан гарын чинээ шүүслэг улаан алиманд дуртай

Би идэх тусам бялууруулдаг зөгийн баланд дургүй
Шүлс асгарч хэл дарвиганасан ч тэмүүлээд байдаг исгэлэнд дуртай

Би амьд нэртэй ч тансаг цаасны тасархайд ороосон цэцгийн цогцсонд дургүй
Харин навч нэмэх бүртээ найдварыг хамт түгээдэг даруухан тасалгааны ургамалд дуртай

Би үдэш унтахад аялдаг уянгалаг бүүвэйн дуунд дургүй
Харин өглөө сэрээж хараалыг минь иддэг ч сэрүүлэгнийхээ цангинах цовоо дуунд дуртай

Би алтан нар халуун илчээрээ нозооруулж хайлуулахад дургүй
Харин бүүдийсэн хар үүл жавараа илгээж амьд байгааг минь мэдрүүлж алгадаад авахад дуртай

Би бусдын адил зөөлөн шиврэх бороонд алхах дургүй
Мөндөр хаялж аянга цахисан аадар бороонд шалба норж гүйх дуртай.

Би хэд харайж тойроод тэр чинээгээрээ хурдан буудаг дов толгодод дургүй
Харин авирах тусам оргил нь холддог, нэг гарсан бол буумааргүй санагдах мөнх цаст ууланд дуртай

Би нэг үдэш гоёх гэж хүнээс зээлсэн чамин даашинзанд дургүй
Хуучирч элэгдсэн ч биед дасал болсон тэр л хувцсаа орой бүр өмсөх дуртай

Би ертөнцийн өнгө будаг бүрийг харах гэрэл гэгээнд дуртай ч
Бодлоос бусад бүх зүйл уусан алга болж зөвхөн үнэн үлддэг тас харанхуйд бүр илүү дуртай.
Агиймаа О Бүргэд / Аврора.О
2010.05.10

Уруу харж ургасан цэцэг


Намайг унтахад намар дуусч байсан. Сэрээд харахнаа харин хавар болж байх юм. Сэтгэл гэсч амь орохтой нь зэрэгцэн цэцэг дэлгэрч цээжинд минь ургана. Хэзээ суулгасан үр одоо ургана вэ? Хээр талд биш миний зүрхэнд яагаад ургана вэ? Ургахдаа уруу харж ургадаг нь юу вэ? Услах гэхээр хөрс нь дээрээ болохоор яах вэ?

Тансаг үнэр нь биеийг минь нэвтлэн үнэртэх хэдий ч таалая гэхээр биеэн дотор минь болохоор хяслантай. Өнгө ялдам тэр цэцэгээ хайрлахаас өөр би юуг ч эс хийж чадна.
Би чамайг эс танина, хараагүй болохоор эс танина. Чи намайг гэвч танина, биеийг минь сэтгэлээр минь дамжуулж танина. Гэссэн сэтгэл минь чамайг танихгүй. Гэсэн ч чи сэтгэлийг минь сайн танина...

Хайр минь гадагшаа бус дотогшоо урсана. Хаана ч явсан чи миний дотор. Харж чадахгүй ч би чамайг хайрлаж чадна. Үүндээ сэтгэл хангалуун үхсэн ч чадна.

Зөндөө олон цэцэгст би дурлаж явсан, тэднийг услаж явсан, тасдаж явсан. Зөрж, ихэнхийг нь анзаарах ч үгүй өнгөрч явсан. Өнгө өнгийн цэцгэнд даруулж, булуулж явсан. Өнгө өнгөөр нь ялгаад бусдад бэлэглэж ч явсан.

Чамайг харин би нандигнан хайрлах юм. Чангахан хөдөлхөөсөө ч болгоомжлох юм. Услачихаад би уруугаа харж алхана. Ус нь шингэлгүй асгарах вий гэсэн дээ тэр. Яагаад чи уруу харж ургасныг мэдэхгүй юм. Ямар ч байсан чи цорын ганц цэцэг.

Цээжинд минь чи байгаа болохоор амьдрал ямар их утга төгөлдөр юм бэ. Чамд би хөрс болж яваадаа яасан их азтай юм бэ.

Харахнээ харин би нэг л өөр... хачин жигтэй зүйл олж үзэнэ. Халуун сэтгэлийг чинь хараад, хайлан хайлан уйлана. Уруу харж ургасны чинь учрыг урд нь би ойлгоогүй юм. Цэвэр тунгалаг тольны өмнө очиход чи биш би уруу харж амьдарсаар иржээ...

Чи бид хоёр одоо хоюулаа дээш харая даа...

Ингээд бид зөв харна. Одод тэнгэр зөв харна. Оршихуй тэр чигээрээ зөв харна
Хоёр байснаа нэг болно. Чи би гэлгүй нэгдэнэ, цэцэг хүн гэлтгүй ижилсэнэ. Уул ус хад чулуу ч гэсэн угаас би эсвэл чи гэлгүй биелэнэ.
Одоо би хайрлагч биш, хайрлуулагч биш харин өөрөө ХАЙР болжээ...

John Bayar May.5, 2010

Аашилж загнаад ч нэмэргүй


Аашилж загнаад ч нэмэргүй
Аргадаж гуйгаад ч хэрэггүй дээ хонгор минь
Адайр энэ хорвоод би өөрийнхөөрөө үлдмээр байна
Шарласан навчисын гунигийг зүрхэндээ дайж уйлдаг
Шаналсан сэтгэлийн уйг тархиараа мэдэрч гуньдаг
Бусдын төлөө унагаах нулимстай
Бурхны өмнө ч хэлэх үгтэй би өөрийнхөөрөө амьдармаар байна
Зүрх сэтгэлийнхээ чандад далдалж нуусан гунигтай
Зүгээр ч үгүй бас хайрын торонд аргамжаатай
Хээнцэр зан бардам төрхнөөс ангид
Хэтэрхий цайлган,бас хөнгөн дэврүүн өөрийнхөөрөө амьдармаар байна
Чихэр шиг нялуун үг, хэн нэгний амласан жаргалаас алгаа тосон царайчлахгүй
Чимээгүйхэн, эрх чөлөөтэй өөрийнхөөрөө үлдмээр байна

September 23, 2010

Харь гараг гэхээр бурхад хаачих юм?


Орчих хорвоо эртөнц дээр хүмүүн бидний ухаан санааг нэгэн зүгт залахаар ХАРЬ орний эцэг дээдэс маань шашин хэмээх утга төгс, оюун бүтээлээ номлон айлджээ.
Он тооллын учигаас даруй 1000-нтаа жилийн өмнө сэтгэлгээний нэн дээд түвшинд бяслган, нэхэн ухаарахад нэн бэрх нэгэн шажиныг туйрвасан нь төдийлөн хүмүүн төрөлхтөнд түгэн дэлгэрсэнгүй юмсанж. Ухан ойлгоход ухаан мөхөс хүмүүний мэлмий хүрсэнгүй. Хүний явдал ороо бусгаа, эмх цэгц үгүй, амидарлийн мөн чанарийн арга билгийг гэгээрэхгүйгээр нэгэн бүл жилийг ардаа орхив. Бүл жил хэмээснийг бидний нарний явдалт 500 орчим жил хэмээн ойлговол зохино.

ХАРЬ эцэг дээдэс маань ихэд хилэгнэн, хүмүүний явдалийн учиг санааг хүмүүн төрөлхтөнд нэхэн сануулж, нэгэн зүгт чиглүүлэхээр дахин өөрийн бошиглогчоо илгээжээ. Он цагийн учигаас 500 орчим жилийн өмнө буюу мөнөөх эхний шашинаас нэгэн бүл жилийн хойно эртний Энэтхэгт Гаутама хэмээх нэгэн хүү төрсөн нь хожмоо БУДДА хэмээгдэн зон олний таалал хүлээсэн, үнэн мөнийг номлогч болжээ. Хүмүүний явдалд тохируулан сэтгэхүйн дунд төвшинд сургаалиудаа айлдан, эхний шажинаас нэн доод төвшинд тайлбарласан ч ухаан сохор бидний дээдэс мөн л хүлээн авсангүй. Үлэмж бус хүрээнд Бурханы шашин дэлгэрч, хорвоогоор нэг тарсангүйээ.

ХАРЬ дээдэс гурвантаа хилэгнэн, амьдралын учигийг доод төвшинд боловсруулан, итгэгсэд ухаж ойлгох бус дагаж явах зарчимийн шинжийг агуулсан сургаалыг номлогч ИСҮС хэмээх бошиглогчыг он тооллийн эхэнд буюу басхүү бүл жилийн хойно илгээжээ. Саран нарны явдалд өдрийн хоолоо олон бор ходоодоо тэжээн суугчид нь үйлийн утгыг нээн, бодь мөрийг танигчидаасаа үлэмж их тул мөнөөх сургаалыг басхүү нэгэн дуугаар даган, зөв замдаа орсонгүй ээ.
ХАРЬ дээдэс арга баран, хүний мулгуу нь ч ойлгох, сэтгэхүйн нэн доод төвшинд бичсэн, дагахгүй бол үхэх үртэй сургаалиа он цагийн 500-н онд, бүл жилийн ард МУХАМЭД хэмээх бошиглогчоороо илгээсэн нь Лалын шашин болж, хэрцгий сургаальтай хэмээгдэн бас л хүлээн авсангүй.
Аргаа баран ХАРЬ дээдэс оюун бодолыг чиглүүлэн нэгэн зүгийг заах нь ухаан мөхөс хүмүүнд нэн бэрхийг ухаарсан тул, нуган бие, нутаг усаар нь нэгдэн нийлүүлэхээр бүл жилийн хойно басхүү бошиглогчоо илгээв. Чингис хэмээх нэрэн дор хүмүүн ёсыг умартан, аян дайн хийж хүмүүн төрөлхтөнийг нэгэн дээвэрт оруулсан боловч удсангүй.
Бас нэгэн бүл жилийн хойно, үнэн мөнийг ойлгуулах чин эрмэлзэл дор ХАРЬ эцэг бошиглогчидоо илгээв. НЬЮТОН, ГАЛЛИЛЭЙ, НОСТРАДАМУС, ДА ВИНЧИ нар шинэ үеийн хүмүүнд орчлонгын зам мөрийг таниулж эхлэв. Ухаан мөхөс, мулгуугийн дээд мулгуу хүмүүн заримыг нь шатаан алж, шинэ сургааль номлолыг тусган авахыг хүссэнгүй. Тэд хоногын жаргал, зуурдын баясалыг уритал болголоо.

ХАРЬ дээдэс цөхрөлгүй басхүү нэгэн бүл жилийн хойно энэ бүгдийг нэгэн мөрд оруулан, хүний амьдарлын зам мөрийг таниулах, амьдарлын утга учирыг ойлгуулахаар эцсийн бошиглогчоо илгээжээ. Арван зургаадугаар жарны шороон могой жилийн өвлийн адаг сард нэгэн охин дундад замбуулинд мэндэлсэн нь одоо та бүхэнд ийнхүү учирыг бичиж суугаа нь билээ...

48HFP i CITY "ZUUD" Youtube verse

September 10, 2010

Халаасны өрөө



Идэр 9 ид дундаа байсан үе. Хичээлээ тараад иртэл хуучин муу богц, алимны хайрцагтай хэдэн номыг минь үүдэнд гаргаад шидчихсэн байна. Намайг бараадан нүүж явдаг муу дүү минь ботгон нүдэндээ нулимс цийлэлзүүлээд чичрэн зогсох нь өрөвдмөөр. 50хэм часхийсэн хүйтэнд утаатай тэнгэрээс өөр хучлагагүй хонож, 20 хуруу 2 чихээ нэг нэгэнгүй хөлдөөж голдоо ортол даарч үзснийхээ дараа “халаасны өрөө” гэдэг үгийн утгыг ухаарч билээ. Ийм өрөөнд түр оргонлн суух ядарсан ялаануудыг дуртай цагтаа халж сольж болдог болохоор халаасны өрөө гэдэг тэр нэр үүссэн юм санж. Халж сэлгэхийн хал нь үгийн язгуур болдог болдог гэсэн үг. Би хөгширсөн хйоноо ч оюутан хэвээр үйл лайгаа эдэлж яваа хүн дээ. Анх гэнэн амьтан айлын хажууд халаас шиг жижиг өрөөнд аж төрдөг болхоор ийнхүү халаасны өрөөний айл гэдэг нэр томъёо үүссэн юм байх гэж бодож тэнэгтэж маанагтаж явжээ. Энэ үгийн цаад санааг эрдмийг сурахаар зориг шулуудсан анхны лайт өвлөө тийнхүү ясандаа тултал мэдэрч билээ.
Удалгүй бас өөр утга олж мэдлээ. Энэ зовлонт явдлын дараа ахин халаасны өрөө оллоо. Батга шавсан барзгар хар нүүр, том улаан хамартай эрхэм тэр гэрийн эзэн нь болно. Нэгэн орой эхүүн нясуун юмыг ханхлуулан өрөө рүү маань орж гарч байснаа тэсэлгүй чин сэтгэлийн яриагаа эхэллээ. Халаасны өрөө гэдгийн жинхэнэ утгыг мэдэх үү? Гэх асуултыг түүний амнаас сонсоод зүрх шууд зогсон сандалдаа яагхйитэд суулаа. Батгатай эрхэм миний цус харвах дөхөөд буй цонхийсэн царайг анзаарсан ч гүй, гэрийн эзнйи дотрыг халаасны төлөө толгой хоргоддог өрөө учраас халаасны өрөө гэдгиймдаа хэмээн өөрөө өөрийнхөө асуултанд хариулж байна. Ахиад л халуулж сэлүүлэх нь дээ хэмээн үхтлээ айж байсан миний дотор цэлмэх шиг болж ёо ёо хэмээн сэмхэн дуу алдан дүүгээ бушуухан ганц шил юманд гүйлгэчих нь тэр. Тэр ярианаас хойш би гэрийн эзний дотрыг байн байн баяртайяа халаах боллоо. Нээрээ дотор халаасны ачаар амар жимэр аж төрдөг болохоор халаасны өрөө гэж нэрлэх нь долоон зөв шүү дээ. Удалгүй тэрхүү дотор халаасны өрөөндөө удаан оршин сууж чадахгүйгээ мэдэрдэг юм байна. Батга царайт 7хоног тутамд шил юм гаргуулдаг байснаа давтамжаа аажмаар ойртуулсаар суулдээ бүр давраад өдөрт 1ийг заавал авхуулна гэж агсамнах болов. Мөнгө ч тэсэхээ байлаа. Би ч бас тэссэнгүй. Нэг л мэдэхнээ тэвчээр алдарч “Битгий хуц, муу батга царайлсан архичин” хэмээн хашгирчихсан байлаа. Бид тэр орйдоо л дотор халаасны өрөөнөөсөө хөөгдсөн юм. Дараа нь бас нэг дотор халаасны өрөөнд сөгдөн гуйж байж толгой хоргодлоо. Гэрийн эзэн огт батгагүй цэвэрхэн царайтай эрхэм. Зан нь гэж хайлсан тугалга. 3 өрөө байрныхаа 2жижиг өрөөний нэгэнд дүү бид 2г, нөгөөд нь дөнгөж нас биенд хүрсэн болов уу грэмаээр жижигхэн хөөрхөн оюутан охиныг суулгана. Тэрээр намайг оруулахдаа “ Уг нь ганц бие оюутан охин оруулсан бол ч ...” гэж өөрөө өөртөө хэлээд шүлсээ залгисан юм. Эр хүн л болсон хойно, би нэг орой халамцуу ирлээ. Угаалгын өрөө рү яваад ортол, ээ бүү үзэгд. Юу харсан гэж санана. Өнөөх цэвэрхэн царайт эрхэм чинь оюутан охиныг шалан дээр дараад уначихсан уухилж байна. Нүв нүцгэн№. Охин шигэ хүүхдийг яана гэнэээ чи гэж би бахирлаа. Муу ухныг ховх татаад 2 нүдний тэхий дундуур нулиад хаячихлаа. Маргааш өглөө нь дүү бид – нөгөөх оюутан охинтой халаасны өрөөнөөсөө хамт хөөгдвөө. Хөөрхий оюутан охин уйлж байнаа. Би өрөвдөөд нулимсыг нь арчих гэтэл над руу хорсолтой харцаар цоргиод “намайг чамтай хардаад хөөчихлөө. Хөгшин илжиг ээ, дахиад хаанаас ийм үнэгүй халаасны өрөө олох юм гэж чарлаад маажих малтах нь холгүй байна. “үнэгүй гэнэ ээ?” гэж би дуу алдснаа дотор огшод явчихлаа. Дүү бид 2өмнөх айлдаа дотор халаасныхаа төлөө толгой хоргодож байсан бол энэ охин цэввэрхэн царайт эрхэмийнд хөнжил халдаасныхаа төлөөсөнд үнэгүй аж төрж байсан юмсанж. Халаасны өрөөний бас нэг утга нь хөнжил халаасны өрөө байж дээ. Өөр юу эсийг үзэхэв. Нэг удаа сүнстэй өрөөнд орчихдог юм байна. Шөнө бүр улаан дээлтэй, хүйт даасан нүдтэй үхдэл царайтай хүүхэн орж ирээд “хай, кони чива, аригато” гэж хөнжлөөс татаад уушиг зүрх амаар гаргачих гээд бабйсан тул аргагүйн эрхэнд нүүсэн. Монгол залууд дурласан улаан дээлтэй япон бүсгүй яг тэр өрөөнд амиа егүүтгэсэн түүхтэй. Хөөрхий хүүхнийг Халаа сан гэж дууддаг байж. Тэгээд яахав Халаа саны өрөнд орчихсон нь тэр.
Амьдрал гэдэг баян юм аа, Монгол хэл минь амдралааөс дутахгүй баян ажээ. Өнөө шөнө би бас л гудамжинд хонож байна. Тэр өвлийг бодвол арай дулаахан хаврын шороон шуурга нөмөрч унтана гэж байгаа. Маргааш бас нэг шинэ халаасны өрөө олно. Шинэ өрөө олно гэдэг “халаасны” хэмээх энэ гайхамшигт үгийн бас нэг шинэ сайхан утгыг олно гэсэн үг ээ
By A.Amarsaihan