April 02, 2011

Либертарианист үзэл


“Би гэхээр төрийн дайсан. Бид гэхээр
төрийг бүрдүүлдэг”. Макс Штирнер

XX зууны эхэн үед дэлхийн ихэнхи улс орныг хамран өрнөсөн нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий хямрал нь төр нийгмийн бүхий л хүрээнд оролцох хэрэгтэй гэсэн үзэл санаа түгэн дэлгэрэхэд онцгой ихээр нөлөөлсөн байна. Үүний үр дүнд дээрхи орнуудад эдийн засаг дахь төрийн оролцоо ихээхэн өргөжин нийгмийн амьдралын бусад хүрээг ч хамран өрнөх болсон. Гэвч 1960-аад оны үед энэ хандлага нийгмийн практикт явуургүй болох нь нотлогдож, нийгмийн хүрээн дэх төрийн оролцоог эрс багасгах хэрэгтэй гэсэн үзэл давамгайлах болжээ.
Чухам нийгмийн энэхүү үзэл бодол дээр тулгуурлан XX зууны 60,70-аад оны үед либертарианизм хэмээх цоо шинэ үзэл суртал үүссэн байна. Либертарианист үзэл суртлын үндэс суурь нь XVIII зууны үеийн У.Годвин, Р.У.Эмерсон, Г.Д.Торо нарын зохиол бүтээлд тусгагдсан байдаг байна.
Харин орчин үеийн либертарианизмийг үндэслэгчийг Америкийн эрдэмтэн, улс төрийн философич Роберт Нозик гэж үздэг бөгөөд тэрээр 1974 онд бичсэн “Анархи ёс, төр ба утопи үзэл санаа” (Anarchy, state and utopia “New-York, 1974) зохиолдоо либертарианизмийн онолын үндэслэлүүдийг томьёолон гаргасан байна. Нозик өөрийн үзэл сургаалийг боловсруулахдаа юуны түрүүнд “хохирогчгүй гэмт хэрэг” болох янхандалт, хар тамхинд донтох, гомосексуализм зэргийг хуулиар зөвшөөрөх ёстой гэсэн үзлийг номолж байлаа.

Либертарианизм гол үзэл санаа
Либертарианизмизмийн гол бүрэлдэхүүн хэсэг нь хүний эрх, эрх чөлөөний тухай үзэл юм. Энэ үзэл дээр суурилан либертарианизмийн төрийн тухай сургаал гарч ирдэг. Нозик хүний эрх, эрх чөлөөг хувийн өмчийн нэг хэлбэр гэж үзсэн бөгөөд түүнийхээр аливаа хүн өөрийн авьяас чадвар хийгээд өөрөө өөрийнхөө эзэн нь болдог гэж үздэг. Энэ үзэл санаагаа номлохдоо сонгодог либерализмийг няцааж байв.
Либерализмийг шүүмжилсэн нь
Нозик сонгодог либерализмийн үзэл баримтлалыг нийгмийн практикт батлагдаагүй, хуурмаг үзэл санаа хэмээн үзэж байв. Үүнийгээ нотлохдоо хүмүүс төрөхдөө тэгш төрдөг гэсэн либерализмийн суурь үзэл санааг шүүмжлэн, хүний эрх дараах хоёр нөхцөл хангагдсан үед баталгаажиж бий болдог гэж үзсэн.
1. Аливаа хувь хүн бие хүн болон төлөвшиснөөр өөрөөр хэлбэл хүн үүргээ ухамсарлан, эрхээ эдлэх чадвартай болсон тохиолдолд
2. Бусад хүмүүсээр эрхээ хүлээн зөвшөөрүүлсэн тохиолдолд хүний эрх баталгааждаг гэж үзсэн.
Сонгодог либерализмтай адил тал
Дээрх нөхцлийн хоёрдахь нь буюу хүний эрх, эрх чөлөө бусад хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд баталгаажина гэсэн Нозикийн сургаал сонгодог либерализмтай давхцаж байгаа юм. Үнэндээ энэ үзлийг XVI-XVII зууны үеийн нэрт эрдэмтэд болох Т.Гоббс, Ж.Локк нарын хүмүүс өөрсдийн зохиол бүтээлдээ дэвшүүлж байсан. Харин Нозик хөгжлийн шинэ шатанд гаргасан хэрэг. Хүний эрх, эрх чөлөө бусад хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд баталгаажина гэсэн энэ үзэл орчин үед нэг хүний эрх чөлөө нөгөө хүний эрх чөлөөгөөр тодорхойлогдоно гэсэн нийгмийн тэнцвэржилтийн онол болж хувирсан байна.

Либертарианизмийн төрийн онол
Нозикийн хүний эрх, эрх чөлөөний үзэл дээр тулгуурлан либертарианизмийн төрийн онол гарч ирдэг. Өөрөөр хэлбэл нийгмийн тэнцвэржилтийг хангах нь төрийн үндсэн үүрэг мөн. Харин төр нийгмийн амьдралд, тэр дундаа эдийн засгийн амьдралд хутгалдах ёсгүй. “Хамгийн бага засагладаг” төр бол хамгийн сайн төрийн хэлбэр мөн гэсэн либертарианизмийн төрийн сургаал гарч ирдэг. Гэхдээ энэ үзлийг Нозик тухайн төр нь төрийн засаглалын хувьд хаант байна уу, бүгд найрамдах байна уу, язгууртны байна уу гэдгийг зарчмын хувьд ижил гэдгийг онцлон тэмдэглэж байлаа. Өөрөөр хэлбэл засаглалын хэлбэр ямар байхаас үл хамааран төр хамгийн бага засагладаг байх нь чухал юм.
Либертарианизмийн эдийн засгийн сургаал
Либертарианистүүд зах зээлийн эдийн засгийн харилцааг туйлчлан авч үздэг. Гэхдээ өмчийн харилцаа тэр дундаа хувийн өмчийн харилцааг онцгойлон авч үздэг. Нозик хэрэв хүн өөрийн хөдөлмөрийн үр шимээр олж авсан бол тухайн баялаг өмч хөрөнгийн үнэмлэхүй эзэн байх ёстой гэж сургажээ. Харин төр иргэдийн энэхүү харилцаанд хутгалдан орох ёсгүй. Учир нь төр өөрийн эрх хэмжээг нэмэгдүүлж бүх л нийгмийг мэдэлдээ байлгах сонирхолтой байв. Өөрөөр хэлбэл Оросын эрдэмдэн Ф.Татчев “Орос орон төрийн хувьд асар том, харин нийгмийн хувьд өчүүхэн жижиг” гэсэнтэй утга дүйж буй хэрэг. Хэдийгээр либертинист онол орчин үед ихээхэн өргөжих хандлагатай байгаа ч зарим нэг ноцтой дутагдлуудыг өөртөө агуулсаар байна. Энэхүү дутагдлууд нь либертарианист үзэл суртлын шинжлэх ухааны ач холбогдлыг бууруулахгүй нь ойлгомжтой.
Анархизм ба либертарианизм
Анархизмийн онолчид төр оршин байхыг зарчимын хувьд үгүйсгэдэг бол Либертарианистүүд хэдийгээр төр муу зүйл боловч нийгэмд оршин байх нь зайлшгүй гэж үздэг. Либертарианист төрийн онолын энэхүү үзэл санаа нь түүнийг анархист онолчдын сургаалаас зааглаж өгдөг.
Энэ үзэл суртлыг дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл АНУ дахь либертари хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Д.Боазын бичсэн “Либертарианизм” номноос дээр дурьдсан:
1. Хувь хүний эрх чөлөө
2. Хамгийн бага засагладаг төр
3. Чөлөөт зах зээл,
4. Хувийн өмчийн эрх чөлөө зэрэг асуудлыг дэлгэрэнгүй мэдэж болно.
Ашигласан ном.
1. Н.Отгонбаяр. “Микромегас II буюу хожуу үеийн улс төрийн сэтгэлгээний түүх” .УБ.,2004 он

Shinebayar.Ch 2010.NUM

No comments:

Post a Comment