March 26, 2011

Дэлхий Цаазын ялын эсрэг

2003 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 10-ныг Цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдөр болгож, энэ ялыг халахын төлөө дэлхий даяар тэмцдэг, дуу хоолойгоо нэгтгэдэг болсон байна.

Цаазаар авах ялыг бүх нийтээр халах хөдөлгөөн дэлхийн II дайны дараагаас л өрнөсөн. Ер нь XX зуун дэлхийн түүхэнд хамгийн цуст зуун байсан. Нийт 76 сая хүний амийг авч одсон дэлхийн хоёр дайны хажуугаар коммунист дэглэм Зөвлөлтөд 20 сая, Хятадад 65 сая, Монголд 35 мянга, Кампучид х
оёр сая, Хойд Солонгост хоёр сая, Вьетнамд нэг сая хүнийг цаазалж хороосон гэдэг. Энэ бүхний улмаас төр элдэв шалтаг шалтгаанаар хүний амь насыг хороодог явдлыг эцэс болгохын төлөө дэлхий даяар хөдлөх болжээ.

Энэ хөдөлгөөний дүнд цаазаар авах ялыг халах олон улсын эрх зүйн болон хамтын ажиллагааны орчин нэгэнт бүрдэж, дэлхийн 139 улс энэ ялыг өнөөдөр хэрэглэхээ больсон байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1948 онд баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд хүн бүр амьд явах, халдашгүй дархан байх эрхтэй, 5 дугаар зүйлд хэнийг ч хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон шийтгэх ёсгүй гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай 1966 оны олон улсын пактын 6 дугаар зүйлд хүн бүр амьд явах салшгүй эрхтэй, хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй, 7 дугаар зүйлд хэнийг ч хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон шийтгэхийг хориглоно гэж заажээ. Эдгээр заалт нь цаазаар авах ялыг шууд хориглоогүй ч цаазаар авах нь хүний амьд явах салшгүй үндсэн эрхийг зөрчиж байна гэж үзэх болсон.

Харин дэлхийн 166 улс нэгдэн орсон уг пактын 6 дугаар зүйлд 18 нас хүрээгүй хүүхэд, жирэмсэн эмэгтэйд цаазаар авах ял оногдуулахгүй гэж заасан нь эл ялыг шууд хориглосон орчин үеийн олон улсын эрх зүйн анхны заалт юм. Энэ байдлыг Хүүхдийн эрхийн тухай 1995 оны НҮБ-ын конвенцын 37 дугаар зүйлийн “а”-д баталгаажуулж 18 насанд хүрээгүй хүүхдэд цаазар авах ял оногдуулахгүй байхаар заажээ.

1989 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей энэ ялыг бүрэн халах тухай протоколыг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хоёрдугаар нэмэлт болгон баталсан бөгөөд энэ протоколд дэлхийн 72 улс нэгдэж ороод байна, манай улс нэгдэж ороогүй байгаа. Мөн Хүний эрхийн тухай 1990 оны Америкийн конвенц (11 улс оролцдог), Хүний эрхийн тухай Европын конвенцын 1982 оны 6 дугаар протокол (46 улс оролцдог) болон 2002 оны 13 дугаар протокол (42 улс оролцдог) нь бүс нутгийн хэмжээнд цаазаар авах ялыг хоригложээ.

Цаазаар авах ялыг халахын төлөө олон улсын хамтын ажиллагаа НҮБ-ын хүрээнд, мөн түүний төрөлжсөн байгууллага болох Хүний эрхийн хороо, Хүний эрхийн зөвлөл, Эрүү шүүлтийн эсрэг хорооны хүрээнд идэвхитэй явагдаж байна. Эдгээр байгууллага нь зөвлөмжийн шинжтэй тогтоол, илтгэл, мэдэгдэл гаргадаг бөгөөд ялангуяа цаазаар авах ялыг хэрэглэхээс бүх нийтээр түдгэлзэхийг уриалсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2007 оны 62/149, 2008 оны 63/168 дугаар тогтоолыг онцлон дурьдах нь зүйтэй байх (манай улс эдгээр тогтоолын эсрэг санал өгч байжээ). НҮБ-ын Ерөнхий ассамблей 2010 оны чуулганаараа энэ асуудлыг дахин хэлэлцэж зөвлөмж гаргах юм. Хүний эрхийн хороо нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн тухай гишүүн орнуудын илтгэлийг таван жил тутамд хэлэлцэж зөвлөмж гаргадаг, мөн цаазаар авах ялыг халах тухай уг пактын хоёрдугаар нэмэлт протоколын хэрэгжилтийн талаар хувь хүмүүсээс гаргасан гомдлыг хүлээн авч хэлэлцдэг НҮБ-ын гол байгууллага юм.

Түүнчлэн олон улсын шүүхүүд ч цаазаар авах ялыг хэрэглэхээ больж байна. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд зааснаар энэ ялыг шийтгэлээс хассан байна. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 1993 онд хуучин Югославын асуудлаар, 1994 онд Руандагийн асуудлаар олон улсын эрүүгийн шүүх байгуулахдаа энэ ялыг мөн хасчээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн уриалгыг олон улсын төрийн бус байгууллагууд идэвхитэй дэмжиж байгаа юм. Эмнисти Интэрнэйшнл, Цаазаар авах ялын эсрэг дэлхийн холбоо зэрэг олон байгууллага НҮБ-ын үйл ажиллагааг дэмжихийн хамт цаазаар авах ялыг түдгэлзүүлж халахыг улс орнуудад уриалах, эл ялын талаар мэдээлэл түгээх, сургалт, олон улсын хурал семинар зохиох зэргээр ажилладаг. Тэд Цаазаар авах ялын эсрэг дэлхийн их хурал зохиодог бөгөөд анхны их хурал 2001 онд Страсбургт, II их хурал 2004 онд Монреальд, III их хурал 2007 онд Парист, IV их хурал 2010 онд Женевт тус тус болжээ.

Страсбургт болсон их хурлын үеэр Цаазаар авах ялын эсрэг дэлхийн холбоог байгуулсан. Уг холбоо 2003 онд Цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдрийг санаачилсан ажээ. Энэ өдрөөр жил бүр цаазаар авах ялтай холбоотой ямар нэг тодорхой асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулдаг билээ. 2003 онд цаазаар авах ялд нийтээр “үгүй” гэж хэлэх, 2004 онд Цаазаар авах ялын эсрэг өдрийг өргөн тэмдэглэхийг орон нутгийн засаг захиргаадад уриалах, 2005 онд Африкт, 2006 онд Америкт цаазаар авах ялыг халах, 2007 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 62/149 дүгээр тогтоолыг дэмжих, 2008 онд Азид цаазаар авах ялыг халах, 2009 онд энэ ялын эсрэг сургалт явуулах асуудлуудыг онцолсон бол энэ жил АНУ цаазаар авах ялыг өргөн хэрэглэж байгаа асуудалд дэлхий нийтийн анхаарлыг чиглүүлж байна.

Цаазаар авах ялыг 1977 онд дөнгөж 16 улс халсан байсан бол одоо 104 улс халсан, 35 улс хуульчлан халаагүй ч хэрэглэхээс татгалзсан, 58 улс хэрэглэж байна. АНУ, Бангладеш, Ботсвана, Вьетнам, Египет, Ирак, Иран, Йемен, Ливи, Малайз, Саудын Араб, Сингапур, Сири, Хойд Солонгос, Судан, Тайланд, Хятад, Япон зэрэг улс цаазаар авах ялыг өргөн хэрэглэдэг орны тоонд орж байна. 2009 онд гэхэд л энэ ялыг Бурунди, Того халж, Афганистан, Арабын нэгдсэн эмирт улс, Бахрейн, Беларусь, Индонез, Монгол, Пакистан анх удаагаа хэрэглээгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 1 дүгээр сарын 14-нд УИХ-ын чуулганд үг хэлэхдээ цаазаар авах ялыг түдгэлзүүлж байгаагаа мэдэгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ шийдвэрийг НҮБ, Европын холбоо болон дэлхийн олон орны төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагууд талархан хүлээн авч байгаа билээ. Манай улс ийнхүү 2009 оноос цаазаар авах ялыг хэрэглэхээ болилоо.

Улмаар энэ ялыг бүрмөсөн халахын тулд эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулах, шаардлагатай болж байна.

Саяхан Мадридад олон улсын хурал болж Цаазаар авах ялын эсрэг олон улсын комисс байгуулан, энэ ялыг нэн даруй түдгэлзүүлэх, улмаар 2015 оны эцэс гэхэд дэлхий нийтээр бүрэн түдгэлзүүлэхийг уриалсан тунхаглал гаргалаа. Дэлхий нийтээр цаазаар авах ялын эсрэг байна.

No comments:

Post a Comment