April 01, 2011

Бачимдмаар юм аа..


..Энэ хонхор дотор өөрөөс чинь гадна өөртэй чинь яг ижил эрхтэй сая гаруй хүн байгаа тул тэднийг хүндэтгэх хэрэгтэй. Ингэхээр худаг дээр ирсэн дарааллаараа тэвчээртэйхэн очэрлоод усаа авчих хэрэгтэй. Данх цай чанахын тулд гялгар уут, паприйшиг шатааж орчныхоо хүмүүсийг алах хэрэгтэй. Найрлаж хөгжилдөх нь зөв л дөө. Гэхдээ шөнийн 3цагт хашгичин орлилдон айл хөршийнхнийгөө сэрээж яахнав? Замын голд хүнтэй хөөрөлдөөд таг болчих нь гэдэг нь арай л сэрүүдэж байна.. ард чинь түмэн машин байна ш дээ. Усанд орох эсэх нь өөрийн чинь хэрэг боловч автобусанд гоц содон хир ханхлуулахаар бусад хүмүүст лав таатай биш.
Хог бол бушуухан хаяж салахын тулд “хог” гэж нэрлэгдсэн, гэхдээ төв талбай байтугай орцонд ч хогоо бүү хая, ядахнаа л харахад муухай. Туулд битгий машинаа угаа л даа, доохон талд бщчинь хүүхдүүд умбаж байна ш дээ.
Хотын иргэн байхын тулд хотын соёлтой байх ёстой. Энэ бол алхам тутамдаа уучлалт гуйсан, нахилзан бөхөлзсөн, машин ч юм уу гэхээр мангар байх тухай огт яриагүй. Ердөө л бие биендээ төвөг учруулахгүй байх тухай хэлж байна.
Таних танихгүй баахан үхсэн хүмүүсийн шавар дүрсээр хотыг минь дүүргэж оршуулгын газар шиг болгож байна. Ногоорч байгаа болгоныг заналтайгаар бульдозордож байна. Шатаасан гялгар уутны тогтогонд бүтэж үхлээ. Үнэр танарыг нь яаанааа, хаана очоод баачваа чи?

By Baabar.

March 26, 2011

Дэлхий Цаазын ялын эсрэг

2003 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 10-ныг Цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдөр болгож, энэ ялыг халахын төлөө дэлхий даяар тэмцдэг, дуу хоолойгоо нэгтгэдэг болсон байна.

Цаазаар авах ялыг бүх нийтээр халах хөдөлгөөн дэлхийн II дайны дараагаас л өрнөсөн. Ер нь XX зуун дэлхийн түүхэнд хамгийн цуст зуун байсан. Нийт 76 сая хүний амийг авч одсон дэлхийн хоёр дайны хажуугаар коммунист дэглэм Зөвлөлтөд 20 сая, Хятадад 65 сая, Монголд 35 мянга, Кампучид х
оёр сая, Хойд Солонгост хоёр сая, Вьетнамд нэг сая хүнийг цаазалж хороосон гэдэг. Энэ бүхний улмаас төр элдэв шалтаг шалтгаанаар хүний амь насыг хороодог явдлыг эцэс болгохын төлөө дэлхий даяар хөдлөх болжээ.

Энэ хөдөлгөөний дүнд цаазаар авах ялыг халах олон улсын эрх зүйн болон хамтын ажиллагааны орчин нэгэнт бүрдэж, дэлхийн 139 улс энэ ялыг өнөөдөр хэрэглэхээ больсон байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1948 онд баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд хүн бүр амьд явах, халдашгүй дархан байх эрхтэй, 5 дугаар зүйлд хэнийг ч хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон шийтгэх ёсгүй гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай 1966 оны олон улсын пактын 6 дугаар зүйлд хүн бүр амьд явах салшгүй эрхтэй, хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй, 7 дугаар зүйлд хэнийг ч хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон шийтгэхийг хориглоно гэж заажээ. Эдгээр заалт нь цаазаар авах ялыг шууд хориглоогүй ч цаазаар авах нь хүний амьд явах салшгүй үндсэн эрхийг зөрчиж байна гэж үзэх болсон.

Харин дэлхийн 166 улс нэгдэн орсон уг пактын 6 дугаар зүйлд 18 нас хүрээгүй хүүхэд, жирэмсэн эмэгтэйд цаазаар авах ял оногдуулахгүй гэж заасан нь эл ялыг шууд хориглосон орчин үеийн олон улсын эрх зүйн анхны заалт юм. Энэ байдлыг Хүүхдийн эрхийн тухай 1995 оны НҮБ-ын конвенцын 37 дугаар зүйлийн “а”-д баталгаажуулж 18 насанд хүрээгүй хүүхдэд цаазар авах ял оногдуулахгүй байхаар заажээ.

1989 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей энэ ялыг бүрэн халах тухай протоколыг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хоёрдугаар нэмэлт болгон баталсан бөгөөд энэ протоколд дэлхийн 72 улс нэгдэж ороод байна, манай улс нэгдэж ороогүй байгаа. Мөн Хүний эрхийн тухай 1990 оны Америкийн конвенц (11 улс оролцдог), Хүний эрхийн тухай Европын конвенцын 1982 оны 6 дугаар протокол (46 улс оролцдог) болон 2002 оны 13 дугаар протокол (42 улс оролцдог) нь бүс нутгийн хэмжээнд цаазаар авах ялыг хоригложээ.

Цаазаар авах ялыг халахын төлөө олон улсын хамтын ажиллагаа НҮБ-ын хүрээнд, мөн түүний төрөлжсөн байгууллага болох Хүний эрхийн хороо, Хүний эрхийн зөвлөл, Эрүү шүүлтийн эсрэг хорооны хүрээнд идэвхитэй явагдаж байна. Эдгээр байгууллага нь зөвлөмжийн шинжтэй тогтоол, илтгэл, мэдэгдэл гаргадаг бөгөөд ялангуяа цаазаар авах ялыг хэрэглэхээс бүх нийтээр түдгэлзэхийг уриалсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2007 оны 62/149, 2008 оны 63/168 дугаар тогтоолыг онцлон дурьдах нь зүйтэй байх (манай улс эдгээр тогтоолын эсрэг санал өгч байжээ). НҮБ-ын Ерөнхий ассамблей 2010 оны чуулганаараа энэ асуудлыг дахин хэлэлцэж зөвлөмж гаргах юм. Хүний эрхийн хороо нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн тухай гишүүн орнуудын илтгэлийг таван жил тутамд хэлэлцэж зөвлөмж гаргадаг, мөн цаазаар авах ялыг халах тухай уг пактын хоёрдугаар нэмэлт протоколын хэрэгжилтийн талаар хувь хүмүүсээс гаргасан гомдлыг хүлээн авч хэлэлцдэг НҮБ-ын гол байгууллага юм.

Түүнчлэн олон улсын шүүхүүд ч цаазаар авах ялыг хэрэглэхээ больж байна. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд зааснаар энэ ялыг шийтгэлээс хассан байна. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 1993 онд хуучин Югославын асуудлаар, 1994 онд Руандагийн асуудлаар олон улсын эрүүгийн шүүх байгуулахдаа энэ ялыг мөн хасчээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн уриалгыг олон улсын төрийн бус байгууллагууд идэвхитэй дэмжиж байгаа юм. Эмнисти Интэрнэйшнл, Цаазаар авах ялын эсрэг дэлхийн холбоо зэрэг олон байгууллага НҮБ-ын үйл ажиллагааг дэмжихийн хамт цаазаар авах ялыг түдгэлзүүлж халахыг улс орнуудад уриалах, эл ялын талаар мэдээлэл түгээх, сургалт, олон улсын хурал семинар зохиох зэргээр ажилладаг. Тэд Цаазаар авах ялын эсрэг дэлхийн их хурал зохиодог бөгөөд анхны их хурал 2001 онд Страсбургт, II их хурал 2004 онд Монреальд, III их хурал 2007 онд Парист, IV их хурал 2010 онд Женевт тус тус болжээ.

Страсбургт болсон их хурлын үеэр Цаазаар авах ялын эсрэг дэлхийн холбоог байгуулсан. Уг холбоо 2003 онд Цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдрийг санаачилсан ажээ. Энэ өдрөөр жил бүр цаазаар авах ялтай холбоотой ямар нэг тодорхой асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулдаг билээ. 2003 онд цаазаар авах ялд нийтээр “үгүй” гэж хэлэх, 2004 онд Цаазаар авах ялын эсрэг өдрийг өргөн тэмдэглэхийг орон нутгийн засаг захиргаадад уриалах, 2005 онд Африкт, 2006 онд Америкт цаазаар авах ялыг халах, 2007 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 62/149 дүгээр тогтоолыг дэмжих, 2008 онд Азид цаазаар авах ялыг халах, 2009 онд энэ ялын эсрэг сургалт явуулах асуудлуудыг онцолсон бол энэ жил АНУ цаазаар авах ялыг өргөн хэрэглэж байгаа асуудалд дэлхий нийтийн анхаарлыг чиглүүлж байна.

Цаазаар авах ялыг 1977 онд дөнгөж 16 улс халсан байсан бол одоо 104 улс халсан, 35 улс хуульчлан халаагүй ч хэрэглэхээс татгалзсан, 58 улс хэрэглэж байна. АНУ, Бангладеш, Ботсвана, Вьетнам, Египет, Ирак, Иран, Йемен, Ливи, Малайз, Саудын Араб, Сингапур, Сири, Хойд Солонгос, Судан, Тайланд, Хятад, Япон зэрэг улс цаазаар авах ялыг өргөн хэрэглэдэг орны тоонд орж байна. 2009 онд гэхэд л энэ ялыг Бурунди, Того халж, Афганистан, Арабын нэгдсэн эмирт улс, Бахрейн, Беларусь, Индонез, Монгол, Пакистан анх удаагаа хэрэглээгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 1 дүгээр сарын 14-нд УИХ-ын чуулганд үг хэлэхдээ цаазаар авах ялыг түдгэлзүүлж байгаагаа мэдэгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ шийдвэрийг НҮБ, Европын холбоо болон дэлхийн олон орны төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагууд талархан хүлээн авч байгаа билээ. Манай улс ийнхүү 2009 оноос цаазаар авах ялыг хэрэглэхээ болилоо.

Улмаар энэ ялыг бүрмөсөн халахын тулд эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулах, шаардлагатай болж байна.

Саяхан Мадридад олон улсын хурал болж Цаазаар авах ялын эсрэг олон улсын комисс байгуулан, энэ ялыг нэн даруй түдгэлзүүлэх, улмаар 2015 оны эцэс гэхэд дэлхий нийтээр бүрэн түдгэлзүүлэхийг уриалсан тунхаглал гаргалаа. Дэлхий нийтээр цаазаар авах ялын эсрэг байна.

March 23, 2011

“ЗАГАЛМАЙЛСАН ХАДАМ ЭЦЭГ” баримтат тууж

“Засаглалын дээд өндөрлөгт хүрсэн хэн боловч жил өнгөрөх тусам хүчилтөрөгчийн өлсгөлөнд автдаг байна. Иймд аль ч оронд эрх барих хугацааг хязгаарладаг. Ардчилал, эрх чөлөөнд төгсгөл үтэр түргэн тохиохгүйн баталгаа ч үүнд оршдог.” Рахат Алиев
. .
Хураангуй: Австрид Казакстаны элчин сайд байсан Рахат Алиев 2009 онд “Загалмайлсан хадам эцэг” нэртэй баримтат тууж номоо бичиж хэвлүүлжээ. Орос, Герман хэл дээр хэвлэгдсэн уг ном гарсан даруйдаа шуугиан тарив. Тиймээс ч казакын тусгай албаныхан Европын хотуудаар түүнийг хайх шаргуу эрлээ үргэлжлүүлсээр..
2007 оны 5 сард ерөнхийлөгч Назарбаев Үндсэн хуулиндаа дахин нэг удаа гар хүрч улсын анхны бөгөөд цорын ганц ерөнхийлөгч эрхээ үндсэн хуулиараа баталгаажуулав. Энэ үед Австрид элчин сайдаар ажиллаж байсан түүний хүргэн анагаахын болон эдийн засгийн ухааны доктор, нэрт улс төрч, чадварлаг бизнесмен Рахат Алиев шийдвэрийг эрс эсэргүүцэж хадам эцэгтэйгээ бүр мөсөн холбоо тасрав. Р.Алиев Казакын мэдээллийн агентлагаар дамжуулан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд бэлэн байгаагаа зарлангуут Назарбаев тэр даруй түүнийг элчин сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тэр үед Эх орны төрийн номер нэг дайсан болчихоод байлаа.
Түлхүүр үг: авторитар ерөнхийлөгч, рент хөөх, сонгууль луйвардах,
. .
Авторитар улсад ерөнхийлөгчийн сонгууль явуулах шаардлага байгаа эсэх?

Казакстан улс нь улс төрийн системийн хувьд Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Засаглалтай. (Constitution) Хүчтэй авторитар дэглэмтэй.
Парламент коммунист намын хууль тогтоогчдоос бүрдэж байсан 1993 оны 1 сарын 28нд гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хүчтэй тусган өгсөн үндсэн хуулийг баталсан байна. (www.wikipedia.org)
Улсын анхны болон цорын ганц ерөнхийлөгч Назарбаев нь төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Ерөнхийлөгч сонгуулиар сонгогдон хууль тогтоох байгууллага болох парламентаар батлагддаг. Бүрэн эрхийн хугацаа нь 7 жил. Тэрээр Ерөнхий сайд болон нэгдүгээр орлогч сайдыг томилдог. Мөн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, засгийн газрыг томилох огцоруулах, парламентийг тараах (Ж.Төртогтох, 2010 он) , өөрийн саналаар бүх ардын санал хураалт явуулах, хот мужуудыг удирдагчдыг томилох гэх мэт маш өргөн эрх мэдэлтэй байдаг байна.
Иргэн хүн саналаа өгөх нь хамгийн энгийн мөртлөө байнга давтагддаг улс төрийн үйлдэл. Улс төрийн системд сонгууль 2 үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, сонгогчдыг төлөөлөн сонгогсдын засаглах эрх мэдлийг хязгаарлаж, алба хашсан үйл ажиллагааны хугацааных нь төлөө хариуцлага тооцно. Хоёрдугаарт, сонгуулийн систем сонгуулийг албан ёсны бүтэц зохион байгуулалтанд оруулуулах. (Ё.Довчин, 2006 он) Сонгууль ардчилсан оронд өөрийн энэхүү мөн чанарыг бүрэн илэрхийлэх боломж өндөр байдаг бол социалист гэгдэж байсан орнуудад, тэр дундаа Казакстан улсад тухайн дэглэм сонгуулиар дамжуулан зөвхөн өөрийгөө легитимжүүлэхэд ашиглаж байх жишээтэй. Сонгогчид намаас дэвшсэн нэг хүний төлөө ямар ч сонголтгүй санал өгөх хэрэгтэй болдог.
Нурсултан Назарбаев нь 1995 оны 4 сард улс орондоо бүх нийтийн санал асуулга явуулан 2000 он хүртэл бүрэн эрхийн хугацаагаа сунгасан. Тэрээр 2005 оны 12 сард 91.15% буюу нийт 6,871,571 санаl авч дахин сонгогдсон. Синхуа агентлагийн мэдээллэснээр БНХАУ -аас оролцсон ажиглагчид Астана дах 25 сонгуулийн саналын хайрцаг дээр ажиглалт хийсэн гэж мэдээллэсэн ба бусад сонгуулийн хэсэг тэдний хувьд хаалттай байжээ.
2007 оны 5 сарын 18нд Казакстаны Парламент, түүний хүсэлтийн дагуух дахин дахин сонгогдох үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг сайшаан дэмжин баталснаар, энэ нь улс орны ирээдүйн ерөнхийлөгч нь зөвхөн Назарбаев байхаар баталсан байна. (www.wikipedia.org)

БҮЛЭГ 7. СОНГУУЛИЙН ЛУЙВАРДСАН ЭТГЭЭД
Чухамдаа бол өнгөрсөн он жилүүдэд эзлэсэн суудалдаа суух эрхгүй хүн Назарбаев өөрөө юм. Яагаад гэвэл, сонгуульд сонгогчдын саналыг хулгайлсны адил тэрбээр тэр суудлыг мөн л хулгайлсан юм.
Назарбаевын зээ Кайратын эзэмшлийн “Дауир” хэвлэлийн газар Сонгуулийн төв комиссын захиалга санхүүжилтээр санал хураах хоёр төрлийн яг ижилхэн хуудсыг хэвлэсэн байдаг. Эхний багцыг эхлээд сонгуулийн хэсэгт, дараа нь санал хураах хайрцагт “хоёр удаа” илгээнэ. Хоёр удаа гэдэг нь эхлээд хүмүүс сонгогчийн хуудсаа санал өгөх хайрцаганд хийнэ, харин тэндээс тэдгээр цаасыг хогийн саванд хаяна. Сонгуулийн хуудсанд ямар ч тамга, ямар ч дэс дугаар байхгүй. Тэгэхээр хувийн хэвлэлийн газарт хичнээнийг хэвлэснийг гагцхүү английн адал явдалт зохиолын баатар Шерлок Холмс л тоолж чадах биз. Олон улсын ямар ч ажилаглагч үүнийг хийж чадахгүй. Хэрэгтэй саналын хуудсуудыг мужуудаар тараана. Тэдгээрийг эртнээс гараар бөглөж үндэсний аюулгүй байдлын хороо болон ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албаны соргог удирдлага дор нягтлан шалгаад Сонгуулийн Ерөнхий хороод илгээнэ.
Астанад ярьдагчлан, саналаа яаж өгөх нь бус хэрхэн тоолох асуудал л хамгийн чухал. Албан ёсны “сонгууль” болохоос барагцаалбал хоёр долоо хоногийн өмнө орон нутгийн сонгуулийн комиссууд саналын хуудас тоолсон тэмдэглэгээг урьдаас гарын үсэг зурж бэлтгэсэн байдаг. Үүнийг зохион байгуулах тийм ч хэцүү биш. Сонгуулийн хороодод район, хот, мужийн аким-захирал нараас шууд хамааралтай төсвийнхөн ажилладаг.
2007 оны 5 сараас эхлэн бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийн туслалцаа дэмжлэгт найдах аргагүй болсон. Улс оронд тэдгээр нь оршин тогтнохоо больсон. Өнөөдөр хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл шууд, эсвэл итгэмжлэгдсэн олигархуудаар дамжин Назарбаевын мэдэлд орсон.
Назарбаев ердөө л 91 хувийн даруухан санал авсан нь 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан ул мөрөө одоо устгасан. 2007 оны парламентийн компанит ажлын саналын хуудсыг зууханд шатаасан. Нотолгоогүй бол гэмт хэргийн бүрдэлгүй гэдэг. Одоо тогтолцоо ээлжит луйварт бэлэн байна.
...Назарбаевын сонгуулийн машин хэрхэн ажилладгийг би 1999оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олж мэдсэн юм. Тэгэхэд би Үндэсний аюулгүй байдлын хорооны Алма-Атагийн салбарт ажиллаж, алан хядагчидтай тэмцэх нэгж болон тагнуулын албыг хашиж байв. Афганистанаас Орос, Европ руу манай хилээр хар тамхи урсаж байв.
Гэтэл гэнэт болох сонгуульд анхаарлаа хандуулах асуудал болов. Сонгуулийн төв комиссын дарга Загип Балиев, ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга Алихан Байменов нартай шууд хамтран ажиллах даалгавар Назарбаев буулгав. “Юуны тулд” гэж асуухад улсын ач холбогдолтой үйлс, “зааварчлагчид” гэж дэлгэрэнгүй хэлнэ гэв. Үнэхээр ч шоконд ормоор. Нөгөө л “Дауир”-ын саналын хуурамч хуудсуудыг хийсэн “Самсойниайт” том хар чемодантай ҮАБХ-ны элч төлөөлөгчийг Алма-Атагаас бусад бүх нутагт илгээж байв. Ерөнхийлөгчийн нярав Владимар “АК-40” онгоцоор элчүүдийг шаардлагатай газруудад нь хүргэж өгч байв.
Хуурамч саналыг үйл олноор үйлдвэрлэх нь сонгуулийг будлиантуулах Загалмайлсан хадам эцгийн гол арга хэрэгсэл юм. Гэхдээ манай илбэчний толгойд олон сонирхолтой үзүүлбэр багтдаг. Жишээ нь, сонгууль явуулах өдрийг тохоон товлох асуудал байна. Манай оронд урьд өмнө хуулиар товлосон өдөртөө сонгууль хэзээ ч явагдаж байгаагүйг та анзаарсан байх. Ямар нэгэн шалтгаанаар хэдэн сарын (заримдаа бүр жилийн) өмнө хугацааг гэнэт урагшлуулдаг. 1994, 1999, 2005, 2009 онуудад ингэсэн. Үндэслэл нь энгийн. Тэрслүү үзэлтэн болгон үгэнд ордоггүй бүгдэд согуульд бэлтгэх бололцоо олгодоггүй гэж тэр. Гэнэт зарлагдсан сонгуулийг ээлжийн амралтын үеэр явуулна. Сонгогчид ч идэвхигүй, улс төрийг төдийлөн сонирхдоггүй, олон улсын ажиглагчид ч гэр бүлээрэ испанид амрах айлчлалаа албаны айлчлалаар арилжаалж нарлаг Казакстан руу тэмүүлэхгүй. Энэ мэхийг ганц Назарбаев ч биш, Төв Азийн дарангуйлагчид бүгд л хэрэглэдэг. Узбекийн дарангуйлагч Ислам Камировын сарын 24 буюу зул сарын баяраар тохионо. Европын болон Америкийн ямар ч ажиглагч энэ үеэр орон гэрээ орхиод аль нэг “Стан”-д очин, гэр бүлтэйгээ оройг угтаж, зул сарын цацагт хяруулыг огтлох ёслол үйлдэхээр солино гэж үү.

Рахат Алиев цааш өгүүлэхдээ, “Манайд сая сая хүнийг шорон, засан хүмүүжүүлэх газарт хориогүй гэдгээр дэглэм өөрийгөө тайвшруулж болох юм. Гэвч өөр өнцгөөс асуудлыг авч үзэж болно. Казакстанд чөлөөт хүн амыг торны цаана суугаа хоригдлуудын тоотой харьцуулахад дэлхийн улс орнуудаас гуравт багтаж байна. Хүмүүнлэгийн хөгжлийн бусад бүх үзүүлэлтүүдээр бид сайндаа л эхний зууд орж байхад торны цаана суугаа хоригдлуудын тоогоор хамгийн тэргүүн эгнээнд яваад байдаг. Яагаад? Казакууд дэлхийд гэмт хэрэг үйлдэх хамгийн цөс ихтэй хүмүүс байгаад тэр гэж үү? Үгүй юм. Яагаад гэвэл улс оронл хүчирхийллийн сталинч тогтолцоо бий болоод байна. “ гэжээ.


Улс төрийн системд сөрөг хүчнийг шахан хавчих явдал ил далдаар явагдсаар байна. 2005оны 11сард Нью-Йорк Таймс [New York Times] сэтгүүл “Хуучин Назарбаевийн сайд байсан сөрөг хүчний тэргүүн К.Нуркадилов (K. Nurkadilov) төрийн дээд зэргийн гажуудан ялзарсан байдлыг нийтэд дэлгэснийхээ төлөө нас нөгчлөө” мэдээлэл гарса. Түүний үхэл нь ерөнхийлөгчийн сонгуулиас 3 долоо хоногийн өмнө болжээ. 2004онд К.Нуркадилов гэнэтийн байдлаар сайдын албан тушаалаас нь огцоруулсан ба Назарбаев Казак албан хаагчдийг хахуульдан 1990онд газрын тосны ордыг АНУ-д зуучилсан гэсэн хуурамч мэдэгдэл хийжээ. (www.wikipedia.org) энэ мэтчилэн улс төрийн эрхүүдийг зөрчсөн асуудлууд гарсаар л байна.
Дэлхийн эрх чөлөөний [Freedom House] ардчилалыг хэмжих эрх чөлөөний тооцооноос харахад Казакстан нь улс төрийн эрх- 6, иргэний эрх чөлөөний хувьд индекс нь 5 байгаа нь Чөлөөт бус гэдгийг иэлхийлж байна. [Дэлхийн эрх чөлөө: Улс төрийн эрх ба иргэний эрх, 2010]

Дэлхий дээр ерөнхийлөгчтэй улсууд олон байх боловч зарим дарангуйлагчид (Назарбаев мэтийн) өөрсдийгөө ерөнхийлөгч хэмээн зарлаж байдаг нь нууц биш болжээ.
Казакстан дах энэхүү дэглэм нь өөрийгөө хамгаалах олон механизтай улс төрийн системүүд үүсгэсэн байдлыг дараах байдлаар тайлбарлаж болох юм.
Нийтийн сонголтын онолыг баримтлагчид, хэрэв улс төрчид эрх мэдлээ өөрийн хувийн зорилгод юмуу эсвэл өөрсдийг нь дэмждэг хүмүүс, бүлгүүдийн тусын тулд ашиглавал юу болох вэ? гэсэн асуултыг тавьдаг. Тэдний үзлээр засгийн эрхэнд гараад улс төрийн зүтгэлтнүүд, байгууллагууд байр суурьтаа дулдуйдан өөртөө болон өөрийн талынхандаа ашиг олохыг эрмэлздэг. Ийнхүү ашиг хонжоо хайсан хар амиа бодсон улс төрийн чиг баримжаатай үед рент хөөх бий болдог. Рент хөөх нь улс төрийн хувьд баяжих хамгийн найдвартай тохиромжтой хэрэгсэл байж, шүүх, мэдээллийн хэрэгсэл, бусад улс төрийн оролцогчид, засгиын газрын түшмэдүүд эрх мэдлээ урвуулан ашиглах явдал гардаг гэж үздэг. (Г.Алмонд, Ж.Пауэл, 2005 он)

Чухамдаа бол Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан тэр өдрийг Рахат Алиев “Манай улс ардчилсан замд орох сүүлчийн итгэл найдварыг унтраасан өдөр” хэмээн тэмдэглэжээ.
Иргэдийн саналыг үл тоомсорлосон сонгуулийн ялагч Назарбаев цорын ганц ерөнхийлөгч байхаар Парламентаар батлуулсан нь цаашид ерөнхийлөгчийн сонгууль явуулах, ардчилсан гэж өөрийгөө нэрлэх нь зүйд нийцэхгүй хэрэг болно.


March 12, 2011

Сонгуулийн Мажоритар, Пропорциональ тогтолцооны сул хийгээд давуу талууд

Мажоритар сонгуулийн тогтолцоо
Одоо манай улсад хэрэгжиж буй энэ сонгуулийн систем нь тухайн тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялалт байгуулсанд тооцох ёстой гэсэн олонхийн зарчмыг баримталдаг. Тухайлбал, бусад бүх нэр дэвшигч 1-хан санал авсан тохиолдолд 2 санал авсан нэр дэвшигч сонгогддог гэсэн үг юм. Олон мандаттай тойрогтой тохиолдолд нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор эрэмбэлж, мандатын тоогоор суудал хуваарилна. Мажоритар сонгуулийн нөлөөнд улс төрийн орчинд хоёр намын тогтолцоо төлөвших магадлалтай гэж судлаачид үздэг.

ДАВУУ ТАЛ
Аль нэг нам сонгуульд үнэмлэхүй ялж, дангаараа Засгийн газар байгуулах магадлалтай ба хүчтэй сөрөг хүчин бий болдог.
Улс төрийн нам, нэр дэвшигчтэй хариуцлага тооцох буюу мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй тохиолдолд дараагийн сонгуулиар шийтгэж, засгийн эрхийг сөрөг хүчинд шилжүүлэх бүрэн боломжтой.
Газарзүйн төлөөлөл илэрхий учраас парламентын гишүүн, сонгогчид нягт уялдаа холбоотой хамтран ажиллах нөхцөл бүрэлддэг.
Хувь хүн болон улс төрийн намын фактор хоёулаа чухал үүрэгтэй байдаг тул хүчтэй бие даан нэр дэвшигчид сонгуульд ялалт байгуулах боломжтой.

СУЛ ТАЛ
Олонхийн зарчим нь суурь сайтай, томоохон улс төрийн намуудад давуу байдал олгодог ба тодорхой асуудлын хүрээнд нэгдсэн, жижиг намуудад халгаатай.
Сонгогчдын саналын багагүй хувь гээгддэг учраас санал хуваагдсаны улмаас дэмжлэг багатай нэр дэвшигч сонгогдох магадлалтай.
Дов жалганы үзэл газар авч, парламентын гишүүд тойргийнхоо сонгогчдын нөлөөнд хэт автах магадлал ихэсдэг.
Олонхийн саналыг цуглуулахад чиглэсэн популист амлалт бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлэх шаардлагатай болдог.

Пропорциональ сонгуулийн тогтолцоо
Аль нэг нам эвсэл тойргийнхоо нийт сонгогчдын тодорхой хувийн саналыг авсан бол тус тойрогт ноогдох парламентын суудлын мөн хувийг авах ёстой гэсэн хувь тэнцүүлэх зарчмыг баримталдаг. Өөрөөр хэлбэл, 10 мандаттай тойргийн нийт сонгогчдын 50 хувийн саналыг авсан нам нийт мандатын 50 хувь буюу 5 мандат авах ёстой. Пропорциональ сонгуулийн нөлөөнд улс төрийн орчинд олон намын тогтолцоо төлөвших магадлалтай гэж судлаачид үздэг.

ДАВУУ ТАЛ
Дийлэнх сонгогчдын санал УИХ-д тусгалаа олдог буюу санал гээгдэх явдал бага.
Төр засгийн бодлого парламентад төлөөлөлтэй намуудын бодлогын нийлбэрээс урган гарч, өргөн цар хүрээг хамардаг.Босго давсан жижиг намууд авсан саналынхаа хэмжээгээр парламентад төлөөлөлтэй болдог.
Нэр дэвшигчид орон даяар сурталчилгаа хийх шаардлагатай байдаг тул нийтийн эрх ашиг хөндсөн мөрийн хөтөлбөр дэвшүүлэх нь элбэг.

СУЛ ТАЛ
Аль нэг нам олонхийн суудал авах магадлал багасдаг тул эвслийн Засгийн Газар байгуулагдаж, жижиг намуудын шахалтанд орох магадлалтай.
Том намууд цаг ямагт тодорхой тооны суудлаа хадгалж үлддэг ба сонгуулиас сонгуульд Засгийн газарт багтсаар байдаг тул улс төрийн намуудад хариуцлага тооцох боломж хомс.Улс төрийн намуудын удирдлагад хэт их эрх мэдэл төвлөрдөг ба бие даан нэр дэвшигчдэд халгаатай.
Парламентын гишүүн, сонгогч хоорондын уялдаа холбоо үлэмж багасдаг.


Хувь хүн болон улс төрийн намын фактор хоёулаа чухал үүрэгтэй байдаг тул хүчтэй бие даан нэр дэвшигчид сонгуульд ялалт байгуулах боломжтой.

January 31, 2011

Самуэль П.Хантингтон: “Орчин үеийн ИРГЭНШЛҮҮД”


Ард түмнүүдийг соёлын шинж байдлаар нь өөр өөр иргэншилд хамааруулж, харин физиологийн галбир, төрхөөр нь арьстанд хувааж ангилдаг.

Иргэншлийн хүрээ гэдэг бол “бид” гэдэг ойлголтыг “тэд” гэх гадныхнаас ялгах хамгийн өргөн ойлголт юм. Иргэншлүүдийн хүрээг хатуу ялгаж салгах боломжгүй, яг хэзээ үүсч, хэзээ мөхсөнийг тодорхой онооход түвэгтэй.
Иргэншлүүд нь урт хугацаагаар орших бодит байдлын илрэл юм, түүний цорын ганц онцлог, давтагдашгүй тал бол “урт хугацаанд орших чадвартайд” байдаг ажээ. Эзэнт гүрний мандал бадрал, мөхөл сүйрэл ээлжлэн байдаг бол “иргэншлүүд” нь “улс төр, нийгэм, эдийн засаг, үзэл суртлын бүхий л эргэлтийг” даван гарчээ.

Түүхэнд яг хичнээн иргэншил оршин байсан бэ гэдэг дээр нэгдсэн тоо хараахан хэлж чадаагүй байна. Тойнби эхлээд 21, дараа нь 23 тохиолдлыг, Шпэнглэр үндсэн 8 том иргэншлийг нэрлэсэн. Харин Браудэл 9-ийг, Ростовани орчин үеийн 7 иргэншлийг тус тус нэрлэсэн байх жишээтэй.

Орчин үеийн гол иргэншлүүд:

1. Синик буюу Хятадын иргэншил /МЭӨ 1500 жилээс эхэлсэн. Хятад, Зүүн өмнөд Ази, Вьетнам, Солонгосын соёл/
2. Японы иргэншил /МЭ 100-400 жилийн тэртээгээс тоологдоно. Нэг төрт улсад хамаарах иргэншил/
3. Хиндү иргэншил /МЭӨ 1500 жилээс эхлэлтэй. Хиндүизм бол “шашин, нийгмийн систем төдийгүй, Энэтхэгийн иргэншлийн гол цөм мөн”/
4. Лалын иргэншил /МЭ 7-р зуунд Арабын хойгоос үүсэлтэй. Умард Африк, Иберийн хойг, төв Ази, Зүүн өмнөд Азийн орнууд/
5. Ортодокс /Оросоор төвлөрсөн иргэншил/
6. Өрнийн иргэншил /МЭ 700-800 оны үед бий болсон. Европ, Хойд Америк болон бусад/
7. Латин Америкийн иргэншил /Өрнийн иргэншилд байхгүй нутгийн өвөрмөц соёлын элементүүдийг агуулсан байдаг. Перу, Боливи, Аргентин, Чили, Мексик/
8. Африкийн иргэншил /Сахараас өмнө орших Африкчууд нэгдмэл иргэншлийн хүрээ үүсгэх магадлалтай, ӨАБНУ гол цөм улс нь болох магадлалтай./


Өрнийнхний ялалтад зохион байгууллалт, сахилга дэг журам, цэргийн сургалт төдийгүй аж үйлдвэрийн хувьсгалын дүнд бий болсон зэр зэвсэг, тээврийн хэрэгсэл болон эмнэлэгийн алба түлхэц үзүүлсэн.
Хэдлэй Баллын хэлснээр, “хэрэв хоёр ба түүнээс дээш улс орон бие биеийнхээ шийдвэр гаргалтад харилцан хүчтэй нөлөөлж чадахуйц ойр харилцаатай бол тэр нь нэгэн цогц системтийг” үүсгэж, ийм нөхцөлд олон улсын систем тогтдог ажээ.

Универсал нийтлэг иргэншил мөн үү?

Өрнийн соёлын тархалтыг илүү өргөн утгаар авч үзвэл, зөвхөн хэрэглээний бараа төдийгүй мэдээллийн хэрэгсэл, Холливудаар дамжин тархаж байна. 1993 онд үзэгчдийг хамгийн их татсан 100 шилдэг киноны 88 нь Америкийнх байсан ба Европ, Америкийн 2 том компани глобал мэдээллийг өмчлөн дэлхий даяар цацаж байдаг.
Өрнийнхөн өөрсдийн иргэншлийг универсал (дэлхий нийтийн) байх ёстой хэмээн тулгадаг. Тэд иргэншлээ универсал гэдгийг дараах хүчин зүйлээр нотлохыг оролдсон. Үүнд:
Хэл.
Өрнийн 5 том хэл болох англи, франц, португал, испани хэлээр 1958 онд дэлхийн хүн амын 24.1% ярьж байсан бол 1992 онд 20.8% болж буурчээ. Дэлхийн lingua franca буюу дэлхийн “өргөн харилцах хэл” түүхийн аль ч үед байв. Жишээ нь: сонгодог эртний үед латин хэл, өрнөдөд франц хэл г.м. lingua franca бол хэл, соёлын ялгааг даван туулах арга болохоос биш уг ялгааг арилгах арга хэрэгсэл биш юм.
Хамгийн өргөн тархсан хэл болох англи, франц, мандарин, исдани, араб, орос нь эзэнт гүрний үндсэн хэл байсны үр дү бөгөөд дэлхийд эрх мэдэл, нөлөө, хүчний харьцаа их гүрнүүдийн дунд харилцан шилжихийн хэрээр хэлнийх нь хэрэглээ тэр аясаар шилжиж байв.
Шашин.
Универсал шашин бий болох нь бараг л боломжгүй зүйл юм. Дэлхийн хүн амд христос шүтлэгтний эзлэх хувь 1980-аад онд 30 хүрсэн нь хамгийн оргил үе бөгөөд түүний дараа хэсэг хугацаанд хадгалагдсан бөгөөд өнөөдөр буурч, 2025 он гэхэд 25% хүртэл буухаар байна. Харин хүн амын хэт өсөлттэй яваа лалын орнууд дэлхийн хүн амд улам жинтэй түрэн орж ирэх тул 2025 он гэхэд ислам шашинтан дэлхийн хүн амын 30%-ийг эзлэж болохоор байна. Нийгмийн сэтгэл зүйн онолоор бол хүмүүс өөрсдийгөө тодорхой хам хүрээнд бусдаас ялгарах тэр шинж тэмдгээр тодорхойлдог. Үүнд “хүн бусдаас ялгарах тэр шинж тэмдгээ хавьгүй сайн мэдэрдэг, энэ нь ялангуяа нийгмийн энгийн хүрээнд байгаа хүмүүстэй харьцуулахад бүр тод илэрнэ. Тухайлбал, өөр мэргэжилтэй хэд хэдэн эмэгтэйчүүдийн дунд байгаа сэтгэл судлаач эмэгтэй мэргэжлээрээ бусдаас ялгарах бол харин сэтгэл судлаач эрэгтэйчүүдийн дунд байгаа тохиолдолд эм хүнийхээ хувьд зөвхөн хүйсээрээ ялгарах жишээтэй”. Иргэншил хоорондын мэдээлэл, харилцаа холбоо, худалдаа, аялал жуулчлалаар дамжиж тэлэхийн хэрээр хүмүүс өөрийн соёл, иргэншлээ улам илүүтэй дээдлэнэ. Хойд Африкийн цагаачид Францад ирэхэд, Француудын хилэн бадрах бол католик шашинт Польшууд цагаачлан очвол халуун дотноор хүлээн авах жишээтэй.
Эндээс дүгнэн үзэхэд универсал нь дэлхийн нийтлэг иргэншил байж чадахгүй, дэлхийн түүхэнд ч тийм иргэншил байгаагүй. Универсал иргэншил бий болгох гэж оролдох нь өрнийн бус иргэншлүүдийн дургүйцлийг хүргэж, иргэншлүүдийн хооронд мөргөлдөөн үүсэх үндэс болдог байна.

Самуэль П.Хантингтон . 1996 он
“Иргэншил хоорондын мөргөлдөөн, Шинэчлэгдэж буй дэлхийн дэг журам” номноос..