October 06, 2011

Берлины хана баригдсны 50 жил



Хүйтэн дайны билэг тэмдэг нь Берлины хана байлаа.

Хорьдугаар зууны хүйтэн дайны билэг тэмдэг нь Герман орныг хоёр хэсэгт хуваасан Берлины хана байлаа. Берлины ханыг 1961 оны 8 сарын 13 өдрөөс барьж эхлэжээ. Эхэндээ төмөр утсаар хаалт хийж байснаа сүүлдээ бетоноор хана босгосон юм. Берлины хана нь 5 метр өндөр, дээгүүрээ өргөст тортой, дохиоллын системтэй байжээ. Берлин хотыг хоёр хэсэгт заагласан Берлины хана нь 45 км. Сүүлдээ үргэлжлүүлэн барьсаар 160 км урт болжээ. Ингэснээр зүүн Герман, Баруун Герман өөр хоорондоосоо бүрэн зааглагдсан. Берлины ханыг барих болсон гол шалтгаан нь Зүүн Герман буюу Социалист дэглэмтэй Бүгд Найрамдах Ардчилсан Герман улсаас Баруун Германыг зүглэх болсон дүрвэгсдийн тоог багасгахад оршиж байлаа. Берлины ханыг барьж эхлэж байсан он жилүүдэд Зүүн Германаас ойролцоогоор 2 сая хүн Баруун Германд дүрвэж очсон байдаг. Берлин хотын дундуур хана босгож байгааг эсэргүүцсэн олон мянган хүнийг хамарсан жагсаал цуглаан Барууны орнуудад болон Холбооны Герман улсад өрнөсөн боловч ямар ч үр дүнд хүрээгүй юм. Зүүн Германы эрх баригчид Берлины ханаас хойш 500 метр үргэлжилсэн “хориотой бүс” бий болгож замд нь байсан бүх машин байгууламжийг нураасан юм. Мөн 300 гаруй харуулын цамхагийг босгож, зарим хэсгийн талбайг минажуулж байжээ. Тэр цагаас хойш хотыг хоёр хэсэгт хуваасан Берлины хана баригдсны 50 жилийн ойг Германчууд тэмдэглэсэн байна. Берлины ханыг даван оргох гэж оролдоод амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, хот даяар нэг минут дуугаа хураажээ. Тэр бүх хохирогчдын нэрсийг шөнийн турш олон нийтийн дунд чанга дуугаар уншжээ. Берлин хотын дарга Клаус Вовэрейт “Тэр хамгийн эмнэгэлтэй өдөр байсан юм. Эрх чөлөө, ардчиллыг сахин хадгалахын тулд, дахин ийм шударга бус явдал тохиолдуулахгүйн тулд эдгээр дурсамжийг хойч үедээ хадгалан өвлүүлэх нь бидний үүрэг юм” гэв. Берлины хананы баруун талаас хүмүүс зураг зурж, эв найрамдалтай амьдрахыг уриалж байлаа. Германд “Берлины хана” гэдэг музей байдаг. Хүйтэн дайны он жилүүдэд хүмүүс Берлины ханыг давах гэж хэрхэн оролдож байсан тухай энэ музейг үзснээр та мэдэх болно. 2004 онд буюу Берлины ханыг нураасны 15 жилийн ойгоор Германы нийслэлд Берлины хананд зориулсан хөшөөний нээлт болжээ. Уг хөшөө нь Чарли шалган нэвтрүүлэх цэгийн хажууд бөгөөд 1065 загалмайтай гэнэ. 1961-1989 онуудад Берлины ханыг давах гэж байгаад баригдаж алагдсан хүмүүсийн тоогоор загалмай босгосон нь тэр юм байна. Хамгийн анх 1961 оны 8 сарын 24 –нд Гвинтер Литфин оргох гэж байгаад амиа алдсан бол 1989 оны 2 сарын 6 –нд Крис Гүдфрой гэгч сүүлийн хохирогч болон түүхэнд тэмдэглэгджээ. Дэлхийн коммунистуудын гол төв болсон Зөвлөлт Холбоот Улсад 1985 оноос эхлэсэн өөрчлөлн байгуулалт бүтэлгүйтэж социалист чиг баримжаатай орнууд улс төрийн дэглэмээ өөрчлөх талаар бодож эхлэсэн. Өөрчлөн байгуулалт бүтэлгүйтэж социалист чиг баримжаатай орнууд улс төрийн дэглэмээ өөрчлөх талаар бодож эхлэсэн. 1989 оны 11 сарын 9 –ний өдөр Зүүн Герман буюу Ардчилсан Германд коммунист дэглэм нуран унав. Үүнтэй зэрэгцэн Берлины ханыг нураах ажил ч эхлэжээ. Харин нураагаагүй үлдсэн 8 км ханыг дурсгал болгон үлдээснийг жуулчид одоо ч олноороо очиж үздэг байна. Дэлхийг хоёр хувааж байсан социалист дэглэм энэхүү ханыг барьсан нь хүйтэн дайны билэг тэмдгийг өөрсдийн гараар бүтээсэн хэрэг юм.